
Энэ долоо хоногт Швейцар улсын Женев хотод Олон улсын дүрвэгсдийн асуудлаарх чуулган болж өнгөрч байна.
Уг чуулганаар дэлхийн улс орнуудын засгийн газрын төлөөлөгчид, төрийн бус байгууллагууд, дүрвэгсдийг ажилд авах сонирхолтой бизнесийн байгууллагууд, мөн дүрвэгсдийн төлөөллөөс оролцож, дэлхий даяар эх орноосоо албадан гарахад хүрсэн, иргэншилгүй, дүрвэгчийн статустай иргэдийн эрхийг хэрхэн хамгаалах талаар хуралддаг юм.
Энэ удаагийн чуулганаар НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хорооноос өнөөдөр дэлхий даяар 114 сая хүн эх орноосоо дүрвэсэн байдалтай байна гэдгийг онцгойлон дурдсан байна.
Энэ чуулган дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдаж, дүрвэгсдийн асуудлаар хэлэлцэж байхаар НҮБ-аас тогтоож өгсөн. Чуулганы үеэр НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хорооны дарга Филиппо Гранди тэдгээр эх орноосоо дайжсан 114 сая дүрвэгчийг онцлон дурдаж, 114 сая биелээгүй мөрөөдөл, 114 сая хохирсон ирээдүй, 114 сая алдарсан итгэл гэж тодорхойлон, дэлхийн олон асуудлын хажуугаар тэднийг мартахгүй байхыг уриалсан байна.
Мөн дүрвэгсдийн эрхийг хамгаалах тал дээр олон улсыг эвлэлдэн нэгдэхийг хүсжээ. Арванхоёрдугаар сарын 13-наас арванхоёрдугаар сарын 15-ны хооронд гурван өдрийн турш чуулж байгаа энэ хуралд нийт 4000 гаруй хүн хуран цугларсан байна.
Тэд бүгд дүрвэгсдийн боловсрол, ажил эрхлэлт, улс орнуудын үзүүлж чадах тусламжийн талаар хэлэлцлээ.
Уг чуулганы нэгэн онцлох хэсэг нь Европын холбооны төлөөлөгч, Европын холбооны дотоод хэргийн комиссар Еилва Йоханссон Пүрэв гарагийн чуулганы үеэр тус холбоо 2024-2025 оны хооронд нэн хүнд нөхцөлд байгаа 60 мянга гаруй дүрвэгчийг хүлээн авахыг зөвшөөрч байгааг илэрхийлсэн нь байлаа.
Тэрбээр мөн Европын холбоо Украины дүрвэгчдийг түлхүү хүлээн авдаг гэсэн шүүмжлэлийг няцаасан мэдэгдэл хийсэн байна.
Мөн дүрвэгчдэд зориулж Европын холбоо 61 мянга орчим дахин суурьших газар, хүмүүнлэгийн тусламж олгоно гэж мэдэгдсэн. Европын холбоо сүүлийн жилүүдэд цагаач дүрвэгсэд, орогнол хүсэгчдийн асуудалд хатуу байр суурьтай хандах болсон.
Гэхдээ Европын холбоо огт дүрвэгч хүлээн авахгүй гэсэн үг биш гэдгийг энэ мэдэгдэл харуулж байна гэж чуулганы ажиглагчид үзэж байна.
Йоханссон мөн Украинаас дүрвэсэн 4 сая иргэнийг хамгаалалтдаа авна гэсэн Европын холбооны шийдвэрийг танилцуулсан байна.
НҮБ: Дэлхий даяар 114 сая хүн дүрвэгчийн статустай байна | ||
Үзсэн: 541 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.