
Израилын зэвсэгт хүчин Газын Зурваст явуулж байгаа хуурай замын дайны ажиллагааны явцад Хамас бүлэглэлийн газар доогуурх сүлжээг устгах зорилго тавьж байгаа. Энэ ажиллагааны явцад Газын Зурвасын хилийн дагуу газар доор, 4 км-ийн урттай хонгилын систем илрүүлсэн байна. Уг хонгилын гарц нь Газа хотын Израилтай залгаа хилийн Эрез боомт түүний дэргэдэх Израилын цэргийн баазаас хэдхэн зуун метр зайтай газарт илэрчээ. Хонгилын гарцыг автомашины гараашын дор нуусан учраас Израилын нисгэгчгүй онгоц, хиймэл дагуулын зургуудад илэрдэггүй байсан байжээ.
4 км-ийн урттай уг хонгил нь Газын зурвас дахь бусад хонгилын системүүдтэй холбогддог, автомашин зорчиход хангалттай өргөн хэмжээтэй юм байна. Израилын зэвсэгт хүчин Хамас бүлэглэл 10-р сарын 7-ны өдөр Израилын газар нутагт халдан довтлохдоо ашигласан машин техник, хүн хүч, зэвсгийн хангамж энэ хонгилоор дамжжээ гэсэн дүгнэлтэд хүрчээ. Боомт хотын дэргэдээс гарц нь олдсон энэ хонгил Газын зурвасын бусад хонгилуудтай харьцуулахад хоёр дахин өндөр, гурав дахин өргөн, агааржуулалтын системээр тоноглогдсон, цахилгаанаар хангасан, зарим хэсэгтээ газрын гадаргаас 50 метрийн гүн байгааг ч тогтоосон байна.
Ийм хэмжээний хонгил байгуулахад олон сая ам.долларын зардал гарахаас гадна олон тооны машин техник, хүн хүч шаардагдана гэж Израилын мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Израилын Эрез боомт нь Израилд ажиллах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, Йордан руу дамжин нэвтрэх зэргээр Палестины ард иргэдийн хувьд гол гарц болдог юм байна. Тус боомтыг бүрэн камержуулсны зэрэгцээ ойролцоо нь цэргийн бааз байгуулжээ. Гэхдээ Хамас бүлэглэл 10-р сарын 7-нд Израил руу халдахад Эрез боомт ихээхэн сүйдэж, хаагдсан, өнөөдрийг болтол дахин нээгдээгүй байгаа юм байна. Одоо энэ хонгилыг устгаж, бусад хонгилуудад Хамас бүлэглэлийн гишүүдийг аюулгүй болгох ажиллагааг үргэлжлүүлнэ гэж Израилын зэвсэгт хүчин мэдэгджээ.
Израилын зэвсэгт хүчин газын зурвасын хилийн дагуу хонгилын том систем илрүүлжээ | ||
Үзсэн: 864 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.