
Газын зурваст дайн эхлээд 11 долоо хоног өнгөрсөн байна. Израилын батлан хамгаалах арми одоо ч довтолгоогоо тэлсээр, Хамас бүлгийг бүрэн устгаж байж энэ дайн дуусна гэсэн байр суурин дээрээ хатуу зогссоор байгаа юм. Зул сарын баярын битүүний өдөр гэхэд Израилын агаарын довтолгооны улмаас багадаа 78 хүн үрэгдсэн гэж Палестины эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Ганц шөнийн дотор энэ хэмжээний хүн амиа алдсан нь дайн эхэлснээс хойших хамгийн их хохирол учирсан тохиолдол болж байна гэж мөн мэдээлсэн байна.
Палестины орон нутгийн хэвлэл болон ард иргэдийн хэлж байгаагаар Израилын агаарын хүч 24-25-нд шилжих шөнө Газын зурвасын төв хэсэгт байх Аль-Бурэйж гэх газар доорх нуувч руу бөмбөгдсөн байна. Энэ нуувч нь мөн энгийн иргэдийн хоргодож байгаа Ал-Магажи гэх хоргодох байртай ойрхон байдаг, тэнд хоргодож байсан 70 гаруй иргэн нэг шөнийн дотор амь үрэгдлээ гэж мэдээлсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байсныг ч мөн дурдсан байна. Израилын тал энэ бөмбөгдөлтийг шалгаж байна, анхнаасаа иргэд рүү халдах зорилгогүй байсан гэсэн мэдэгдэл хийсэн бол Хамасын тал энэ мэдэгдлийг эсэргүүцэж, Израилын арми энгийн иргэд шигүү төвлөрсөн газруудыг онилж бөмбөгдөж байна гэж буруутгасан байна. Түүнчлэн Израилын агаарын хүч Газын зурвасын төв хэсгийн гол замуудыг бөмбөгдсөн тул шархдаж бэртсэн хүмүүст тусламж үзүүлэх яаралтай түргэний машинууд аль-Магажи руу хүрэхэд хүндрэлтэй байна гэж Палестины улаан хавирган сар нийгэмлэгээс мэдээлжээ. Израилын тал өнгөрсөн шөнө дан ганц Газын зурвасын төв хэсгийг бөмбөгдсөнгүй, өмнөд хэсгийн Хан Юунис хотыг мөн дахин бөмбөгдсөн байна. Зул сарын баярын өмнөх шөнө ийм их хохирол дагуулсан халдлага болсонд Ромын Пап Францис эмгэнэл илэрхийлж, гашуудаж байгаагаа илэрхийлсэн байна. Газын зурваст агаарын бөмбөгдөлт үргэлжилж байгаагаас гадна хуурай замын тулаан мөн улам өргөжсөөр байна. Израилын батлан хамгаалах армийн мэдэгдсэнээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд Израилын 10 цэрэг алагдсан, түүний өмнөх өдөр мөн 5 цэрэг амиа алдсан нь 11-р сараас хойших хамгийн их хохирол амссан өдрүүд боллоо гэж мэдэгдсэн байна. Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ дайн Израилчуудаас маш их төлөөс шаардаж байна, гэхдээ үргэлжлүүлэн тулалдахаас өөр аргагүй гэсэн байр суурь бүхий мэдэгдэл хийсэн байна.
Газын зурваст 11 дэх долоо хоногтоо дайн үргэлжилж байна | ||
Үзсэн: 1212 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.