
Украин улс 1917 оноос хойш анх удаа Зул сарын баярыг 12-р сарын 25-ны өдөр тэмдэглэж эхэлж байна. Ингэснээр Өрнөдийн орнууд болон бусад зул сарын баяр тэмдэглэдэг орнуудтай ижил хуваариар энэ баярыг тэмдэглэдэг болж байна гэсэн үг. Үүнээс өмнө Украин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, Оросын үнэн алдартны сүмийн номлолыг дагаж мөрддөг байсан гэдэг утгаараа зул сар буюу Христийн мэндэлсэн өдрийг ОХУ-ын нэгэн адилаар 1-р сарын 7-нд тэмдэглэдэг байсан байна. Үндсэндээ Зул сарын баярын өдрөө өөрчилж байгаа нь Украин улс ОХУ-ын итгэл үнэмшлийн нөлөөнөөс салан тусгаарлаж байгаагийн нэг илрэл гэж олон улсад харж дүгнэж байна.
Өнгөрсөн оны 2-р сард ОХУ Украин руу гэнэт халдан довтлохоос өмнө нь Украин улс зул сарын баярын өдрөө өрнөдийн орнуудын жишиг рүү шилжүүлэх санааг дэвшүүлж эхэлсэн юм байна. Тухайлбал, 2019 онд Украин улсын үнэн алдартны сүм Оросын үнэн алдартны сүмээс салан тусгаарлаж байгаагаа зарлаж байсан юм. Тэр үеэс эхэлж Украины үнэн алдартны сүм Грекийн үнэн алдартны сүмийн жишгээр Христийн мэндэлсэн өдрийг 12-р сарын 25 руу шилжүүлэхээр яригдаж эхэлсэн ч Оросын үнэн алдартны сүмийн эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн юм. 2020 оны 12-р сард Украины үнэн алдартны сүмийн тэргүүн 1-р Эпифаниус Украины ард түмний итгэл үнэмшил бие даасан, өөрчлөлт шинэчлэлтэд бэлэн болсон үед Христийн мэндэлсэн өдрийг шилжүүлнэ гэж мэдэгдэж байсан байна. Оросын цэргийн түрэмгийлэл энэ хугацааг наашлуулж, энэ жилээс ийнхүү 12-р сарын 25 руу шилжүүлж байна гэж олон улсын ажиглагчид тайлбарлаж байна. Өнгөрсөн оны 12-р сард Украины Грек католик сүм болон Украины үнэн алдартны сүм хамтарч Украины он тооллыг Григорийн тоолол, Жулианы он тооллыг нэгтгэсэн Сайжруулсан Жулианы он тоолол руу шилжүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Улмаар энэ оны 9-р сард Украин улс энэ он тоолол руу шилжсэн. Энэ Сайжруулсан Жулианы тооллыг дэлхий дээр одоогоор албан ёсоор ашигладаг улс ховор. Энэ нь нэг ёсондоо Христийн католик, протестант урсгалынхны дагаж мөрддөг Григорийн тоолол болон үнэн алдартны урсгалынхны дагаж мөрддөг Жулианы тооллыг нэгтгэсэн тоолол гэж хэлж болно. Григорийн тооллыг өнөөдөр дэлхийн 195 орон ашиглаж байгаагийн дотор ОХУ бас багтдаг. Гэхдээ Зул сарын баярыг гагц Жулианы тооллоор 1-р сарын 7-нд тэмдэглэдэг уламжлалтай юм байна.
Украин улс зул сарын баярыг арванхоёрдугаар сарын 25-нд тэмдэглэж эхэллээ | ||
Үзсэн: 2289 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.