
Оросын Известия сонин дээр ОХУ 2023 онд 4 сая 800 мянган ажилчны дутагдалтай байсан гэсэн судалгаа нийтлэгдсэн байна. Ажиллах хүчний дутагдал 2024 онд ч үргэлжлэх магадлалтай гэж мөн тус нийтлэлд дурдсан байна. Оросын хөдөлмөрийн зах зээл уналттай байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг Оросын төв банкнаас мэдээлж байна. Түүнчлэн Москва ихэнх санхүүгийн төсвөө батлан хамгаалах салбарын нөөцийг хуримтлуулахад ашиглаж байгаа нь ч эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна гэж Оросын эдийн засагчид үзэж байна.
Өнгөрсөн оны 2-р сард ОХУ Украин руу халдан довтолж дайн эхэлснээс хойш хэдэн зуун мянган иргэн ОХУ-ыг орхин гарсан байна. Тэдэн дунд өндөр боловсролтой, нарийн мэргэшсэн IT, технологийн мэргэжилтнүүд олон байгаа нь ОХУ-ын хөдөлмөрийн зах зээл донслоход томоохон нөлөө үзүүлж байгаа юм. Гадагш дүрвэсэн ажиллах хүчний дийлэнх нь цэрэгт татагдахыг хүсээгүй, мөн дайны үзэл санаатай зөрчилдсөн гэдэг шалтгаануудаар Оросын хилийг давсан байна. Өнгөрсөн оны 9-р сард гэхэд 300 мянган цэргийн насны эрэгтэйг цэрэгт татсан гэж ерөнхийлөгч Владимир Путин мэдээлж байсан юм. Одоогоор шинээр цэрэг татлага явуулах шаардлага хараахан бүрдээгүй байгаа гэж мөн мэдэгдсэн байна. Известия сонины мэдээлж байгаагаар цэрэг татлагаас үүдэлтэй оюуны дайжилт 2022-2023 онд эрс өссөн гэсэн судалгааг Оросын эдийн засгийн шинжлэх ухааны академийн судалгаан дээр тулгуурлаж нийтэлсэн байна. 2023 оны эхэнд хөдөлмөрийн зах зээлийн дутагдлын индекс 5,8 хувьтай байсан бол 2023 оны дунд үе гэхэд энэ тоо 6,8 хувь болж өссөн байна. Росстат буюу үндэсний статистикийн агентлагийн албан ёсны тоо мэдээллийг мөн хавсаргах юм бол ажиллах хүчний дутагдлын тоо хэмжээ үүнээс ч өндөр гарна гэж Известия сонины нийтлэлд дурджээ. ОХУ-ын хөдөлмөрийн сайд ажиллах хүчний дутагдал хөнгөн үйлдвэрлэл, барилга, тээврийн салбарт хамгийн хүнд тусаж байгааг дурдсан байна. Аж ахуйн нэгж компаниуд ажилчдыг татахын тулд дундаж цалингаа нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрч байгааг мөн дурджээ. Ирэх онд ажиллах хүчний дутагдлын улмаас үйлдвэрийн ажил, инженер, эмч, багш зэрэг нарийн мэргэшил шаардсан ажлын байрнууд хоосорч хямралд орох эрсдэлтэй гэж эдийн засагчид үзэж байна.
ОХУ 2023 онд таван сая ажилчны дутагдалтай байсан | ||
Үзсэн: 793 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.