Шууд Chart

Дэлхий даяар хэрэглэдэг "алдартай" амтлагч бол цагаан гаа

2023-12-26 14:34:46

"Zingiberaceae" ургамалзүйн овогт хамаарагдах "Zingiber officinale" буюу цагаан гаа хэмээх ургамал нь Зүүн өмнөд Азиас гаралтай хамгийн алдартай амтлагчийн нэг.

Энэ овогт бидний мэдэх турмерик, кардамом, галангал зэрэг бусад үнэрт халуун амтлагчууд ч багтдаг.

Үндэс хэсэг нь багахан хэмжээний нүүрсуснаас, түүн дотроо уусдагггүй эслэгээс бүтдэг эл амтлагчийн зөвхөн өвөрмөц амтанд нь дурлаж дэлхий даяар олон сая тонноор тариалан хэрэглэдэг.

Энэ амтлагчийн хамгийн том тариалагч, хэрэглэгч, нийлүүлэгч нь Энэтхэг улс бөгөөд 2020 оны байдлаар 1.844.000 тонныг үйлдвэрлэсэн бол Нигери улс 734.295 тонны үйлдвэрлэлээр удаалж байна.

Дэлхий даяар хэрэглэдэг алдартай амтлагч бол цагаан гаа. Бахим бүдүүн хүчирхэг модлог цагаан гааны өвөрмөц онцлог чанар нь түүний шим тэжээлд бус, өвөрмөц үнэр амтыг бүрдүүлж байдаг 400 гаруй өвөрмөц химийн бодисоос бүрддэг.

Химийн бодис гэдгийг албаар тодотгож хэлж байгаа юм шүү.

Жишээлбэл, төмсөнд цардуул хэмээх нүүрсус байдаг. Энэ нь шим тэжээл болдог. Харин цагаан гааг цэвэр хоолны амтлагч болгон хэрэглэдэг.

Түүхий цагаан гаа нь 79 хувь нь ус, 18 хувь нь нүүрсус, 2 хувь нь  уураг, 1 хувь орчим нь тос агуулдаг. Онолын хувьд ингээд бодоход 100 гр цагаан гаа идэх нь 80 ккал энерги хангахаар боловч үүнийг амтлах зорилгоор хийхэд эдгээр шим бодисууд болон аминдэм, эрдсийн агуулга ихээхэн багасдаг.

Хамгийн түгээмэл хэрэглээ нь хоол амтлах, төрөл бүрийн ундаануудын найрлагыг бүрдүүлэх, махыг амтлах гэх мэт маш өргөн хүрээнд хэрэглэгддэг энэ бодисын амтыг дээр дурдсанчлан beta-bisabolene, zingiberene, gingerol (1-[4'-hydroxy-3'-methoxyphenyl]-5-hydroxy-3-decanone гэх мэт 400 гаруй хэл хугалчих шахам маш олон найрлагатай органик, анхилуун үнэрт бодисууд үүсгэдэг.

Энэтхэгийн Аюурведийн сударт эл амтлагчийн талаар маш олон ашиг тусын тухай дурдсан байдаг бөгөөд тус амтлагчийг хүнсэнд хэрэглэхийг FDA GRAS буюу ерөнхийдөө аюулгүй хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд жороор олгодог онцгой үйлчилгээтэй эмийн хэрэглээний хажуугаар хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.

Найрлагыг нь бүрдүүлэгч олон химийн бодисууд нь эмийн бодистой урвалд орж эмийн үйлчлэлийг багасгах, харшил ч үүсгэж магад.

За тэгээд таргалалт бууруулдаг, цусан дахь өндөр нягтралтай холестеролын хэмжээг багасгадаг гэх мэт судалгаанууд их байна. Ходоод цочроож хямраах ч эрсдэлтэй гэсэн судалгаа ч байдаг.

Зохистой хэрэглээний түвшинд хоол амтлах зорилгоор хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй.

Баярын ширээнийхээ махыг цагаан гаагаар амтлаарай. Бас л янзын шүү дээ, цагаан гаа, хясааны соусаар амталсан мах ч.

Хүнсний инженер О.Гал-Очир


Дэлхий даяар хэрэглэдэг "алдартай" амтлагч бол цагаан гаа  
Үзсэн: 2100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй