
Өнгөрсөн Даваа гарагт АНУ Ирак улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг Ираны дэмжлэгтэй Иракийн зэвсэгт бүлгүүдийн бааз руу агаарын довтолгоо хийсэн байна.
Энэ довтолгооноос өмнөхөн тэдгээр зэвсэгт бүлэглэлүүдээс Иракийн нутаг дахь АНУ-ын арми руу дроноор халдан довтолж, гурван цэргийг шархдуулсан тул ийм хариу довтолгоо хийсэн гэж АНУ-ын зүгээс тайлбар өгсөн байна.
Хоёр талын зэвсэгт хүч оршдог Ирак улсын Засгийн газраас харин АНУ-ын довтолгоог цэвэр дайсагналын шинжтэй үйлдэл гаргалаа гэж буруутгажээ.
Иракийн зэвсэгт бүлэглэлийн дроны дайралтад өртсөн цэргүүдийн нэг нь нэлээд хүнд шархадсан бол нөгөө хоёр нь хөнгөн бэртэлтэй гэж АНУ мэдээлсэн.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллоид Остин хариу цохилт өгснөө Ерөнхийлөгч Жо Байдены зөвшөөрөлтэй, зайлшгүй авах ёстой арга хэмжээ байсан гэж тайлбарлалаа.
АНУ-ын хариу цохилтод нэг цэрэг алагдаж, 18 хүн шархадсан гэдгийг Ирак улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна.
Иракийн Засгийн газар АНУ-ын довтолгоо Ирак улсын тусгаар бүрэн байдалд халдсан, хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдэл гэж буруутгаж байна.
АНУ-ын хариу цохилт өгсөн гэж байгаа зэвсэгт бүлэглэл нь Ираны "Хэзбола" бригадуудтай холбоотны харилцаатай Иракийн "Исламын эсэргүүцэгч бүлэг" гэх хамтын бүлэглэл юм байна.
Өнгөрсөн хугацаанд Иракийн Курдистан мужид байрлах АНУ-ын армийн бааз руу Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд хэд хэдэн удаа пуужин харваж байсан.
АНУ ч мөн Ирак болон Сири улсын нутаг дэвсгэр дээрх зэвсэгт бүлэглэлүүд рүү хариу цохилт өгдөг.
АНУ Иран улс хоёр хоорондоо дайсагнасан тогтворгүй харилцаатай ч хоёр улсын цэргүүд аль аль нь оршдог Ирак улс Америк, Иран хоёртой аль алинтай нь холбоотны харилцаатай гэдэг утгаараа довтолгооных нь талбар болох нь элбэг.
Ирак улсын Засгийн газар "Исламын улс" буюу ISIS бүлэглэлийн сэргэлтээс сэргийлж АНУ-ын армийн 2500 орчим цэргийг нутаг дээрээ урьж байлгадаг.
Түүнчлэн Сири улсын нутаг дэвсгэр дээр мөн АНУ-ын 900 орчим цэрэг байрлаж, Исламын улсын сэргэлтээс сэргийлэх үүргийг гүйцэтгэдэг ч Сири улсын Засгийн газраас АНУ-ын цэрэг хууль бусаар нутаг дээр нь байрладаг гэж тооцдог байна.
Ирак-Ираны харилцааны тухайд, Иракийн Ерөнхий сайд Мухаммед Шиа Аль Судани нь Ираны дэмжлэгтэй зарим зэвсэгт бүлэглэлүүдийн удирдлагын бүрэлдэхүүнд багтдаг.
Өнгөрсөн онд түүний нам сонгуульд ялалт байгуулж, Засгийн газар байгуулахад Ираны дэмжлэг нэлээд байсан юм.
Ираны "Хэзбола" бригадуудын зүгээс АНУ-ын эсрэг хариу довтолно гэдгээ мэдэгджээ.
Ирак улс АНУ-ын довтолгоог “цэвэр дайсагнасан шинжтэй” гэж буруутгав | ||
Үзсэн: 717 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.