
Иран улсын Ерөнхийлөгч Эбрахим Раиси ирэх оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Турк улсад айлчилж, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзана гэж Туркийн хэвлэлүүд мэдээллээ.
Тэд Газын зурвас болон Сири улсын нөхцөл байдлын талаар, мөн хоёр улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх төлөвтэй гэж олон улсын ажиглагчид хүлээлт үүсгээд байна.
Ираны Ерөнхийлөгч Турк улсад өнгөрсөн 11 дүгээр сард айлчлахаар төлөвлөж байсан ч хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын цагийн хуваарийн зөрүүний улмаас айлчлал нь хойшлоод байсан юм.
Турк улс олон арван жил үргэлжилж байгаа Израил-Палестины маргаантай асуудлыг шийдэх ганц арга нь энэ нутагт хоёр төр засаг байгуулж, зэрэгцэн орших гэж үздэг.
Мөн Израилын Газын зурваст явуулж байгаа ажиллагааг хурцаар шүүмжилдэг юм.
Өнгөрсөн хугацаанд Турк улс дайтагч талуудыг, нэн ялангуяа Израил улсыг нэн даруй гал зогсоохыг шаардсаар ирсэн.
Мөн Израилын удирдагчдыг дайны гэмт хэрэг үйлдэж байна гэж үзэж олон улсын шүүхээр оруулахыг дэмждэг улс юм.
Турк улс ингэж Израилын явуулж байгаа улс төр, цэргийн үйл ажиллагааг шүүмжилж ирсэн ч эдийн засаг, гадаад худалдааны хувьд Израилтай одоо ч түншилсэн хэвээр байгаа нь Туркийн сөрөг хүчний зарим нам болон Иран улсын шүүмжлэлтэй тулгарч байгаа юм байна.
Гэхдээ нөгөө талаас Турк улс нь НАТО-гийн гишүүн орон, барууны улс орнуудтай найрсаг харилцаатай байдаг ч тэдний нэгэн адилаар зэвсэгт "Хамас" бүлгийг алан хядагч бүлэглэл гэж үздэггүй юм.
Харин Иран улсын хувьд "Хамас" бүлэг болон Израил, барууны орнуудтай мөргөлдөөнт харилцаатай Исламын Шиа урсгалын зэвсэгт бүлэглэлүүдтэй эвсэл байгуулж, удирдан чиглүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа гэж "Ройтерс" агентлаг мэдээлж байна.
Мөн "Хамас" бүлгийн талд гэдгээ ил тод илэрхийлж, Газын зурвас дахь довтолгоо үргэлжилсээр байвал ноцтой үр дагавар үүснэ гэж анхааруулсаар байгаа юм.
Турк, Иран хоёр улс ерөнхийдөө Сирийн иргэний дайн зэрэг зарим дундын асуудлын улмаас харилцаа нь нэлээд тогтворгүй байж ирсэн. Турк гэхэд Сирийн одоогийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг түлхэн унагах гэсэн босогчдын бүлгийг улс төр, цэргийн хувьд дэмждэг байр суурьтай.
Харин Иран улс Башар аль Ассадын Засгийн газрыг дэмждэг байна. Гэхдээ Турк улс 2020 оноос эхлэн Ойрх Дорнодын бүс нутаг дахь нөлөөллөө нэмэгдүүлэх зорилгоор Башар аль Ассадын Засгийн газартай харилцаагаа зөөлрүүлэх оролдлогуудыг хийсээр байгаа юм.
Иран улсын Ерөнхийлөгч ирэх долоо хоногт Турк улсад айлчилна | ||
Үзсэн: 858 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.