
Зул сарын баяр болон Шинэ жилийн баяр үргэлжилж байгаа энэ долоо хоногт Европын улс орнууд олон хүн цугларах газруудад харуул хамгаалалтаа чангатгаж байна.
Сүүлийн үед олон улсад болж байгаа зэвсэгт халдлага, мөргөлдөөний асуудлууд, террорист халдлагын эрсдэл нэмэгдэж байгаа тул ийм арга хэмжээ авч эхэллээ гэж мэдээлж байна.
Тэр дундаа Герман, Австри улс, Ватикан хотод харуул хамгаалалтын өндөр түвшинд шилжжээ.
Өнгөрсөн долоо хоногийн Ням гараг буюу Зул сарын баярын битүүнд Германы хамгийн их хүн очиж сонирхдог Көлнь хотын католик сүмийн орчимд хамгаалалт гарч, Зул сарын баяраар сүмд зочлохоор ирсэн хүмүүсийг нэг бүрчлэн шалгаж байсан.
Болзошгүй террорист халдлагаас сэргийлэх ийм ажиллагаа иргэдэд таагүй санагдаж магадгүй гэж үзсэн цагдаагийн байгууллагын удирдлагууд иргэдийг санаа зоволгүй баяраа тэмдэглэхийг уриалсан байна.
Көлнь сүмийн дэд хамба Рольф Штаинхаусер энэ ажиллагааг бүх Германы хамгийн аюулгүй сүмийг цогцлоох ажиллагаа гэж тодорхойлсон байна.
Австри улс мөн Германтай ижил шалтгаанаар Вена хотын сүм дуганууд, Зул сарын худалдааны төвүүдийн эргэн тойрон дахь хамгаалалтаа чангатгасан байна.
Германы хувьд Көлнь хотын католик сүмийн хамгаалалтыг чангатгасан шалтгаан нь уг сүм рүү 12 дугаар сарын 31-ний өдөр энэ сүмийн ойролцоо халдлага болно гэсэн мэдээлэлтэй холбоотой юм байна.
Хэдийгээр мэдээлэгчийн хэлснээр халдлага шинэ он гарах өдөр болох магадлалтай гэсэн ч Германы цагдаа нар Зул сарын баяраар ч эрсдэл үүсгэхгүйн тулд шалгалтаа ийнхүү эхлүүлсэн байна.
Европын холбооны Дотоод хэрэг эрхэлсэн комиссар Йилва Йоханссон энэ сарын эхээр Израил-Хамасын дайнтай холбоотой террорист халдлагын эрсдэл өсөж байгаа тул баярын өдрүүдэд анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байсан юм.
Баярын өдрүүдэд Европын улс орнууд харуул хамгаалалтаа чангатгаж байна | ||
Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.