
Даваа гарагт Японы төвийн бүсэд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо одоогоор 62-т хүрээд байна.
Газар хөдлөлтийн дараах чичиргээ, гал түймэр зэрэг гамшигт үзэгдлүүд үргэлжилж байгаа энэ үед аврах эрэн хайх ажиллагаа эрчимтэй үргэлжилсээр байна.
3000 орчим хүний бүрэлдэхүүнтэй аврах баг хүмүүс олноороо гацсан умард хэсгийн Ното хойгт хүрэхээр ажилласаар байна.
Ното хойгийн умард үзүүрт байх Важима хот хуурай газрын зам сүлжээнээс таслагдсан нөхцөл байдалд байна.
Газар хөдлөлтийн голомт болох Ишикава мужийн Сүзү хотын барилга байгууламжийн 90 хувь нь бараг бүхэлдээ нурж, сүйдсэн гэж хотын дарга Масүширо Изүмияа "Кёдо ньюс" агентлагт мэдээлэл өгсөн байна.
Орон байр нь сүйдсэн ард иргэдэд Японы цэргийн хүч хоол, ус, хөнжил, майхан зэрэг нэн хэрэгцээтэй зүйлсээр туслахаар ажилласаар байна.
Одоогийн байдлаар 57 мянга гаруй хүнийг газар хөдлөлтийн голомт бүсээс нүүлгэн шилжүүлсэн гэж Японы Засгийн газар мэдээллээ.
Газар хөдлөлтийн дараах бага хэмжээтэй чичиргээ Японы төв хэсэгт үргэлжилсээр байгаа юм. Энэ долоо хоногт дахин 7 магнитуд хүртэлх хүчтэй газар хөдлөлт болох эрсдэл байсаар байгаа тул ард иргэдээ анхаарал сэрэмжтэй байхыг Засгийн газраас нь зөвлөж байна.
Даваа гарагт болсон газар хөдлөлт 7.6 магнитуд хүчтэй байсан юм. Мягмар гарагт Ишикава мужийн Ното хойгоос өмнө зүгт 150 орчим километрийн зайд дахин 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь нэлээд хүчтэйд тооцогдож байна.
Даваа гарагт газар хөдлөхтэй зэрэгцэн Японы эргийн хотуудад цунамигийн түгшүүр зарлаад байсан ч Мягмар гарагт цунамигийн эрсдэл байхгүй гэж үзэж түгшүүрийн дохиоллыг бууруулжээ.
Энэ удаагийн газар хөдлөлт 2011 онд болсон асар хүчтэй газар хөдлөлт, цунамигийн гамшгийг Японы болон дэлхийн ард түмэнд сануулаад байна. 2011 онд болсон газар хөдлөлтийн улмаас 18 мянган хүн амь эрсдэж, Фүкүшимагийн атомын цахилгаан станцад осол гарсны хортой үр дагавар одоо ч үргэлжилсээр байгаа юм.
Арлын Япон улс нь дэлхийн газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд оршдог улсуудын нэг. Тэр дундаа “Номхон далайн галт эргүүлэг” гэж нэрлэгддэг олон тектоник хавтангийн уулзвар дээр оршдог улс юм.
Газар хөдлөлтийн улмаас энэ улсад цунамигийн эрсдэл байнга заналхийлж байдаг гэдэг утгаараа дэлхийн хамгийн боловсронгуй цунамигийн түгшүүрийн дохиоллыг хөгжүүлсэн байдаг юм байна.
Японд газар хөдлөлтийн бүсэд аврах ажиллагааг эрчимжүүлж байна | ||
Үзсэн: 1313 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.