Шууд Chart

“Ханеда” нисэх онгоцны буудлын бүх нислэгийг цуцалжээ

2024-01-03 15:19:11

Япон улсын Тээвэр, аялал жуулчлалын яамнаас Токио хотын "Ханеда" нисэх онгоцны буудалд гарсан ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлснээ мэдэгдэж байна.

Японы Засгийн газрын харьяа агентлаг болох тээврийн аюулгүй байдлын зөвлөл нь тус улсад гарсан онгоц, галт тэрэг болон хөлөг онгоцны осолтой холбоотой хэргийг шалгах, судлах үүрэг бүхий байгууллага юм байна.

Одоо уг байгууллагын шинжээчид шатсан онгоцны сэгийг шалгаж байна.

Япон улсаас гадна онгоцны ослын шалтгааныг тогтоохоор онгоц үйлдвэрлэгч компани болон Франц улсын Засгийн газар мэргэжилтнүүдээ илгээж буй юм байна.

Мягмар гарагт буюу өчигдөр орон нутгийн цагаар 18 цагийн орчимд Токиогийн "Ханеда" нисэх онгоцны буудалд "Japan Airlines" компанийн зорчигч тээврийн онгоц Японы эргийн хамгаалалтын нисэх онгоцтой мөргөлдсөний улмаас шатсан осол гарсан.

Онгоц шатсан даруйд хөлгийн багийн гишүүд болон онцгой байдлын шуурхай ажиллагааны үр дүнд 367 зорчигч, хөлгийн багийн 12 гишүүнийг эсэн мэнд аварчээ.

Харин уг онгоцтой мөргөлдсөн Японы эргийн хамгаалалтын онгоцны багийн таван гишүүн амь насаа алдаж, нисгэгч нь хүнд гэмтэж, бэртсэн юм.

Ослын улмаас гарсан галыг унтраахын тулд нийтдээ 8 цаг гаруйн хугацаа зарцуулж, галыг бүрэн унтраасан байна.

Японы хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, онгоцны нисэх, буух зурвас хэтэрхий ойрхон байсан байна. Энэ нь иргэний тээврийн А350 онгоц газардах үедээ эргийн хамгаалалтын онгоцтой шүргэлцний улмаас ийм осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж мэдээлж байна.

Осолд өртөж, шатсан А350 онгоцыг өнгөрсөн 2021 оны 11 дүгээр сард Европын агаарын тээврийн онгоц үйлдвэрлэгч "Эйрбус" компаниас Японы "Japan Airlines" компанид хүлээлгэн өгсөн юм байна.

Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмжийн дагуу, онгоц үйлдвэрлэгч компани аливаа осол гарсан нөхцөлд ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохын тулд багаа илгээдэг юм байна.

Мөн Франц улсын Засгийн газар Тээврийн яамны харьяа мөрдөн байцаах багаа илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж байна.

Энэ багийн хувьд 1946 онд байгуулагдсан, Францын иргэний нисэхийн осол болон түүнтэй холбоотой техникийн мөрдөн шалгах үйл явцыг хариуцдаг, тайлангаа бие даасан байдлаар гаргадаг юм байна. 

"Ханеда" нисэх онгоцны буудалд томоохон хэмжээний осол гарсантай холбогдуулж, өнөөдрийн байдлаар төлөвлөсөн дотоодын болон олон улсын 100 гаруй нислэг цуцлагджээ.

Энэ нь "Japan Airlines" болон "All Nippon" компанийн 20 мянган зорчигчид нөлөөлж, аяллын хөтөлбөрт өөрчлөлт орсон гэдэг мэдээллийг Японы хэвлэлүүд өгч байна.

Дотоодын болон олон улсын нислэгүүд цуцлагдсантай холбогдуулж, Японы төвийн төмөр замын компани Лхагва гарагт нэмэлт галт тэрэг гаргаж, зорчигчдыг газраар тээвэрлэх үйлчилгээг үзүүлнэ гэж мэдэгдэж байна.

Тухайлбал, Токиогоос Осака чиглэлд шинээр дөрвөн галт тэрэг нэмэлтээр гаргаж буй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Ханеда” нисэх онгоцны буудлын бүх нислэгийг цуцалжээ   
Үзсэн: 1443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй