Шууд Chart

“Хамас” бүлгийн удирдагчдын нэг Израил улсын довтолгоонд өртөж амиа алджээ

2024-01-03 15:38:52

Орон нутгийн цагаар Мягмараас Лхагва гарагт шилжих шөнө Израилын Батлан хамгаалах армийн дрон Ливан улсын нийслэл Бейрут хотод "Хамас" бүлгийнхний байрлаж байсан орон сууцыг бөмбөгджээ.

Энэ бөмбөгдөлтөд "Хамас" бүлгийн гол том удирдагчдын нэг Салех аль Ароури өртөж, амь эрсэдсэн байна.

Газын зурваст өрнөж байгаа дайн хилээсээ хальж, бүс нутгийг хамрах эрсдэлийг улам нэмэгдүүлж байна гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.

Ливаны Засгийн газрын зүгээс Израилын энэ үйлдлийг улсынх нь бүрэн бүтэн байдалд халдсан хэрэг гэж буруутгажээ. 

2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр Палестины зэвсэгт "Хамас" бүлэг Израилын нутаг руу бөмбөгдөж, зөрүүлэн Израилын тал Газын зурвас руу дайрч эхэлснээс хойш гурван сарын хугацаа өнгөрөхөд Израилын хойд хөрш Ливан улсын нутаг дэвсгэр дээр оршдог зэвсэгт "Хэзбола" бүлэг "Хамас" бүлгийг ил тод дэмжиж байгаагаа илэрхийлж, Израилтай хиллэдэг өмнөд хилийн зурвас дээр хоёр улс харилцан дрон, пуужингийн довтолгоо хийсээр байсан юм.

Ливаны "Хэзбола" бүлэг ийм маягаар дайнд Израилыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж эхэлснээс хойш Газын зурвасын дайн бүс нутагт тархах вий гэж дэлхий нийт сэрэмжилж байсан.

Палестины "Хамас" бүлгийн томоохон удирдагчид мөн Ливаны нутаг руу дүрвэн гарч, тэндээсээ аливаа байр суурь, үйл ажиллагаагаа явуулж байсан. Израилын Засгийн газар энэ дайныг зогсоохын тулд "Хамас" бүлгийг ор үндэсгүй устгана гэсэн байр суурин дээрээ бат зогссон хэвээр байгаа. Мөн өчигдөр шөнө амиа алдсан Салех аль Ароуриг Израилын иргэдийг амь насаар нь хохироосон аравдугаар сарын 7-ны довтолгооны ард байгаа голлох хүн гэж буруутгаж ирсэн юм.

Харин "Хамас"-ын талаас Салех аль Ароуриг Катар болон Египеттэй хэлэлцэж, Газын зурвас дахь дайныг зогсоон, барьцааны иргэдийг суллах энхийн хэлэлцээр байгуулах асуудалд "Хамас"-ын зүгээс голлох байр суурьтай оролцож байсан хүн гэж өмгөөлсөн байна.

Израилын зүгээс Салех аль Ароуриг устгасан явдал бол Ливан руу чиглэсэн дайралт бус, зөвхөн "Хамас" бүлгийн удирдагч руу чиглэсэн дайралт байсан гэдэг мэдэгдлийг гаргалаа.

Израилын Батлан хамгаалах армийн Хэвлэлийн төлөөлөгч, адмирал Даниел Хагари Израил улс энэ хэргээс үүдэлтэй ирээдүйд үүсэж болзошгүй ямар ч үр дагаварт өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа гэдгийг мөн мэдэгдсэн байна.

Бейрут хотод Израилын дроны бөмбөгдөлтөд дан ганц Салех аль Ароури өртөж амиа алдсангүй. Түүнтэй хамт байсан "Хамас"-ын цэргийн хоёр коммандлагч болон өөр бусад дөрвөн гишүүн мөн амь үрэгдсэн байна.

"Хамас" бүлгийн гол удирдагч Исмаил Ханиеэ Израилын талыг түрэмгийллээ өргөжүүлсэн, Ливаны бүрэн бүтэн байдалд халдсан, амиа хоохойлсон террорист ажиллагаа гэж дүгнэсэн байна.

Харин Ливаны "Хэзбола" бүлгийн зүгээс ийм гэмт хэргийг шийтгэлгүй өнгөрөөж боломгүй гэсэн байр суурийг илэрхийллээ.

"Хамас" болон "Хэзбола" бүлгийг аль алийг нь ил тод дэмждэг Иран улсын зүгээс "Хамас"-ын томоохон удирдлагыг хөнөөсөн хэрэг нь дайныг эсэргүүцэгсдийг улам өдөөж өгөх нь мэдээж гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Палестинчуудын оршин суудаг Иордан голын баруун эргийн нутагт энэ хэргээс үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Хамас” бүлгийн удирдагчдын нэг Израил улсын довтолгоонд өртөж амиа алджээ   
Үзсэн: 884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй