
Газын зурваст дайн эхэлснээс хойш Ойрх Дорнодын бүс нутагт оршдог бас нэгэн зэвсэгт бүлэглэл болох Йемений Хуситуудын бүлэг дэлхийн усан замын тээврийн гол зам болох Улаан тэнгист зорчдог худалдааны усан онгоцуудыг Израилын холбоотон гэж бөмбөгдөх болсон. Тэгвэл Хуситуудын энэ үйлдлийг эсэргүүцсэн 12 улсын эвсэл Хуситуудыг Улаан тэнгист усан онгоц бөмбөгдсөөр байвал гарах үр дагавар нь хүнд байх болно гэж анхааруулсан байна. Мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд энэ долоо хоногийн ээлжит хурлаараа Хуситуудыг олон улсын хүнсний амин чухал тээвэр зорчих бүсэд халдлага үйлдэхээ зогсоохыг шаардсан байна.
Хуситуудыг эсэргүүцэгч 12 орны эвсэлд АНУ, Их Британи, Австрали, Бахрейн, Бельги, Канад, Дани, Герман, Итали, Япон, Нидерланд, Шинэ Зеланд гэсэн улсууд багтаж байна. Тэдний зүгээс Хуситуудын Улаан тэнгис дэх халдлага бол хууль бус, хүлээн зөвшөөрөх боломжгүй, олон улсын тогтвортой байдалд хурцаар халдсан хэрэг гэж тодорхойлж, иргэний усан тээвэр рүү халдаж байгааг нь олон улсын хэм хэмжээгээр зөвтгөх ямар ч боломжгүй гэж буруутгасан байна. Улмаар энэ халдлага үргэлжилсээр байвал эдгээр улсууд хариу арга хэмжээ авах болно гэсэн мэдэгдэл гаргасан нь Хуситуудын гол оршин тогтнодог Йемен улсын эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулна гэсэн заналхийллийн шинж чанартай мэдэгдэл гэж олон улсын зарим шинжээчид үзэж байна. Мөн дэлхийн усан тээврийн 15 хувь зорчиж өнгөрдөг Улаан тэнгист усан онгоц чөлөөтэй явах эрхтэй олон улсын хэм хэмжээг зөрчиж байна гэж эвслийнхэн буруутгасан байна. Улаан тэнгист дэлхийн хүнсний эрэлтийн ихэнх хэсэг зөөвөрлөгддөгөөс гадна газрын тосны тээвэрлэлтийн хамгийн гол бүс гэдэг утгаараа Хуситуудын дайралтын нөлөөгөөр дэлхийн газрын тосны үнэ хөөргөдөж, нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасрах вий гэсэн айдас үүсээд байгаа юм. Хуситуудын дайралт эхэлснээс хойш Улаан тэнгисээр дамжиж өнгөрдөг дэлхийн худалдааны хөлөг онгоцуудын 20 хувь нь энэ замаар зорчихоос зайлсхийж, Африкийн өмнөд хэсгээр зорчих замыг сонгох болсон байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурлаар Хуситуудын халдлагыг буруутгахаас гадна цаашид энэ асуудлаас үүдэж олон улсад томоохон мөргөлдөөн үүсэх вий гэж сэрэмжилж, анхааруулсан байна. НҮБ дахь АНУ-ын менежмент шинэчлэлтийн төлөөлөгч Крис Лу Хуситуудын санхүүжүүлдэг Иран улсыг асуудлын үндэс суурь гэж буруутгасан байна. Харин Иран улсын зүгээс Хуситуудын Улаан тэнгис дэх довтолгоог санхүүжүүлээгүй гэж няцаасан мэдэгдэл гаргасан. Одоогийн байдлаар Йемений Хуситууд Улаан тэнгисийн усан онгоц зорчиж өнгөрөхөд хамгийн төвөгтэй, 31 км-ийн өргөнтэй Баб аль Мандабын гарц руу голлож довтолсоор байгаа юм байна. Хуситууд нь хэдийгээр Йеменд төвтэй ч Йемений засгийн газартай 2014 оноос хойш иргэний дайнтай байгаа исламын Шиа урсгалыг бүлэглэл юм.
Йемений Хуситуудыг Улаан тэнгис дэх довтолгоогоо зогсоохыг шаардав | ||
Үзсэн: 799 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.