Шууд Chart

ОХУ, Украин улс дайн эхэлснээс хойш хамгийн олон олзлогдогсод солилцлоо

2024-01-04 16:27:07

ОХУ болон Украин улс өчигдөр шөнө дайны олзлогдогсдоо харилцан солилцлоо. Оросын хорих ангид байсан 230 Украин цэрэг суллагдсан бол зөрүүлээд 248 орос цэргийг Украин улс суллажээ. Энэ нь дайн эхэлснээс хойш анх удаа ийм их хэмжээний олзны цэрэг харилцан солилцож байгаа тохиолдол болж байгаа юм байна. Хоёр улсыг олзны цэргүүдээ харилцан солилцоход Арабын Нэгдсэн Эмират улс зуучлах үүрэг гүйцэтгэсэн байна.

Сая суллагдсан цэргүүд ихэнх нь хил дээр тулалдаж байгаад дайтагч талдаа баригдсан цэргүүд байсан байна. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский цахим хуудсандаа “Манай иргэд гэртээ ирлээ” гэж бичиж нийтэлжээ. Оросын батлан хамгаалах яам энэ солилцооны талаарх албан ёсны мэдэгдэлдээ харилцан тохиролцоход нэлээд хүнд байсан талаар дурдсан байна. 2022 оны 2-р сард хоёр улс дайтаж эхэлснээс хойш хэд хэдэн удаа олзны цэргүүдээ харилцан солилцож байсан. Гэхдээ сүүлийн хэдэн сарын хугацаанд Оросын талын онцгой шалтгааны улмаас солилцоо удааширсан байсан гэж Украины ерөнхийлөгч илэрхийлсэн байна. Хил дээр цэргүүдийг солилцож байгаа дүр зургийг хоёр улсын албаны хүмүүс тус тусын мэдээллийн хэрэгслээр мөн цацсан байна. Суллагдсан цэргүүд баяртайгаар явж байсныг камерт буулгасан нь дайн дажны үеэрх нэгэн онцлох эерэг явдал байлаа гэж олон улсын хэвлэлүүд бичиж байна.

Суллагдсан Украин цэргүүдийн дунд Хар тэнгисийн Могой арал дээр Оросын эсрэг бууж өгөлгүй эцсээ хүртэл тулалдсан 7 цэрэг байсан гэж Украины тал онцолж байна. Могой арал нь Украины эсэргүүцлийн бэлгэ тэмдэг гэж дайн эхэлснээс хойш тооцогдож байгаа юм. Цэргүүдээ солилцсон дайтагч хоёр тал аль аль нь Арабын Нэгдсэн Эмират улсын зуучлалд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Арабын Нэгдсэн Эмират улсын гадаад хэргийн яамны зүгээс тус улс Москва болон Киевтэй аль алинтай нь найрсаг харилцаатайн ачаар энэ зуучлалыг хийж чадлаа гэж мэдэгдсэн байна. Мөн дайныг энхийн замаар өндөрлүүлэх арга замыг эрж хайх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тал дээр идэвхийлэх оролцох сонирхолтой гэдгээ давхар илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, Украин улс дайн эхэлснээс хойш хамгийн олон олзлогдогсод солилцлоо  
Үзсэн: 1470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй