Шууд Chart

“Алтан төлийн эзэн” шагналын материалыг нэгдүгээр сарын 30 хүртэл хүлээн авна

2024-01-11 13:29:34

Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр 46 дахь жилдээ шалгаруулан олгоно.

МҮОНРТ-ийн агуулгын бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа хуурай газрын экосистем буюу Монгол орны хувьд бэлчээрийн даац, цөлжилтийн асуудлыг шагналын бодлогод тусгаж байна.

МҮОНР-ИЙН “ТАВАН ЭРДЭНЭ” НЭВТРҮҮЛГИЙН НЭРЭМЖИТ АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН ШАГНАЛЫН УДИРДАМЖ

/Энгэрийн яргуй цасан доор зүүдлэхэд

Эхний төл наран наашилж цангинана"...гэх дуу шигээ малчин түмэндээ хоногшиж, хүндлэгдсэн энэ шагнал 2024 онд 46 дахь жилдээ олгогдох юм. Мал сүргээ өсгөн үржүүлэх бодлогын хүрээнд анх санаачлагдаж байсан энэ шагнал улс орон болон дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг бодлогодоо тусгаж, цаг үеийн шаардлагаар хувьсан өөрчлөгдөж байна.

  “Алтан төлийн эзэн” шагналд нэр дэвшигч дараах болзлыг хангасан байх шаардлагатай

  1. Сүүлийн гурван жилийн төл хүлээн авсан хувь хэмжээ 90 хувиас доошгүй байх
  2. Мал сүргийн чанар чансаа, үүлдэр угсааг сайжруулсан байх
  3. Малаа эдийн засгийн эргэлтэд оруулах замаар сүргийн бүтцийг оновчтой, үр ашигтай болгох тал дээр анхаарсан байх
  4. Малын тоог бэлчээрийн сэлгэц, нөхөн сэргээгдэх чадвартай уялдуулсан байх
  5. Малчин өрхийн гишүүн бүр Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалд хамрагдсан байх
  6. Орон нутгийг хөгжүүлэх, малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, инновац нэвтрүүлэх, соён гэгээрүүлэх үйлсийг дэмжиж ажилласан байх

“Алтан төлийн эзэн” шагналд нэр дэвшигч доорх материалыг бүрдүүлнэ.

Үүнд:

  1. Малчны анкет
  2. Шагналын болзлыг хангаж буй тухай багийн Засаг даргын дэлгэрэнгүй тодорхойлолт болон шагналд тодорхойлсон тухай багийн Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл
  3. Сумын Хөдөө Аж Ахуйн тасгийн анкет тэмдэглэл буюу малчны “А” дансны хуулга (Сумын Засаг даргын цохолттой)
  4. Сүүлийн гурван жилийн малын тоон үзүүлэлт (Сумын Засаг даргын цохолттой)
  5. Аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газрын албан тодорхойлолт

Эдгээр материалуудыг бүрэн бүрдүүлсэн малчны тодорхойлолтыг 2024 оны 1-р сарын 30 хүртэл МҮОНРТ-ийн байранд хүлээн авна.

Материал ирүүлэхтэй холбоотойгоор доорх зүйлсэд анхаарна уу:

  • Материал хүлээн авснаар МҮОНРТ ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй, тухайн шагналыг авах шууд үндэслэл болохгүй.
  • Ажлын хэсгийн ачаалал, нууцлалын журмаас шалтгаалан шалгараагүй тохиолдолд яагаад шалгараагүй тухай тайлбар мэдээлэл өгөх боломжгүй.
  • Шагналыг олгох эцсийн шийдвэрийг МҮОНРТ-ийн ажлын хэсэг ямар нэгэн зуучлагч хувь хүн, байгууллагын оролцоогүйгээр гаргадаг болно.

Материал ирүүлэх хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр.

Шалгаруулалттай холбоотой асуудлаар Tavan-Erdene@mnb.mn хаягаар холбоо барина уу.

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

“Алтан төлийн эзэн” шагналын материалыг нэгдүгээр сарын 30 хүртэл хүлээн авна   
Үзсэн: 2374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй