
Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.
* * *
Ээжээ, та надад дэлгүүрээс шинэ аав аваад өгөөч
Цэцэрлэгээс хүүхдүүд тарж байна. Зогсоо зайгүй элдвийг асууж шулганах бяцхан үрс цаанаа л нэг өхөөрдөм. Хүүхдүүдээ авч буй хүмүүсийн ихэнх нь ээжүүд аж. Аавууд тун цөөхөн харагдав. Ийнхүү “Гэрт орж эм, гадаа гарч эр” гэдэг шиг эмэгтэйчүүдийн оролцоо хэр вэ гэдгийг захын нэгэн цэцэрлэгээс харж болохоор.
Үнэндээ цаг нартай уралдан бүх зүйлд санаа тавих эхчүүд олширлоо. Монголд өрх толгойлсон эхчүүдийг тоолвол социализмын үеэс хэд дахин давахаар болов. Хаа сайгүй ганц бие эмэгтэйчүүд. Энэ байдал өнөө цагийн өнгийг тодорхойлохоор болоод байна. Харин айл гэрийн ноён нуруу болох аавууд маань хаагуур явна вэ гэсэн чинь гэр орноо өөд татахаар нэг хэсэг нь харийн орныг зорьсон аж. Харин нөгөө хэсэг нь “аав”-ынд, болохгүй нэг нь булан тохойд бадарчилж архи сөгнөөстэй суух юм. Энэ дүр зураг яах аргагүй эмэгтэйчүүдийн нуруунд амьдрал үүрүүлснийг илтгэнэ.
Уг нь “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг зүйр үг бий. Гэтэл энэ үг амьдрал дээр хэрэгжихгүй нь харамсалтай. Болно, бүтнэ гээд суусан хоёр нэг гэрт ороод төд удалгүй салж сарнин бяцхан үрсээ өнчрүүлэн дутуу сэтгэлээр хорвоог туулах тавилан руу түлхэж байгаа нь харамсалтай. “Бие биенээ ойлгож, хүлээцтэй хандах хандлага орчин цагийн залууст үгүй болжээ. Бидний үед аливаад ул суурьтай, хариуцлагатай ханддаг байлаа” хэмээн ярих хөгшдийн үг ч ортой юм. Үнэндээ энэ цагийн хэврэг амьдрал хүүхдийн сэтгэлийг сэвтээж, харцыг нь гунигаар дүүргэж байна. Мөнгө хайж амьдралаа сайжруулах гэж харийг зорьсон олон залуус салж сарнилаа.
Сайхан болгоныг зөгнөн харийн орныг зорьсон аав, ээжүүд амьдралаа бусниулж үр хүүхдээ өнчрүүлсэн жишээ Монголд даамжрах нь. Харин шараа тайлах гэж байшингийн буланд өглөө болгон цугладаг аавууд гэр бүлээ юун авч явах, харин ч эсрэгээрээ өөрсдийгөө чирүүлж явна. Үлгэр дууриал болох аавдаа хүүхдүүд нь сургааль айлдах болсон нь харамсалтай. Энэ нийгэмд архичин аавтай хүүхдүүд сэтгэлийн шархтай амьдралыг туулж явна. Архи уугаад мөрөөрөө явахгүй, гэр бүлээ зовоож агсан тавих энэ эрчүүдийн зүрх сэтгэл тэгтлээ хөлдчихлөө гэж үү. Ямар сайндаа дөрвөн настай балчир хүү ээждээ “Та надад дэлгүүрээс шинэ аав аваад өгөөч” гэж гуйх билээ дээ.
Байнга ээжийг нь зовоож, зоддог ааваасаа хүү ямар их залхасныг түүний гуйлтаас нь харж болохоор байна. Дөнгөж хорвоотой танилцаж байгаа бяцхан хүүгийнхээ сэтгэлийг сэмлэж буй тэр эцэг юу бодож явдаг юм бол доо. Ийнхүү гэр бүлийн таарамжгүй байдлын золиос нь хүүхдүүд болж байна. Энэ байдлаас болж олон хүүхэд гэр орноосоо дайжин траншейг зорьж, буруу замаар будаа тээх боллоо. Энэ хүүхдүүдийг буруутгаж болохгүй. Тэднийг төрүүлсэн эцэг, эхээс нь өөг хайх хэрэгтэй. Үнэндээ манайд гэр бүлийн тогтвортой байдал алдагдчихаад байна.
Улс орныг урагшлуулах нэг үндэс нь гэр бүлийн тогтвортой байдал гэлтэй. Гэтэл манайд салалт жилээс жилд нэмэгдсээр байна. Сүүлийн үед гэрлэлтээ цуцлуулж буй хүмүүсийн нас залуужлаа хэмээн шүүхийнхэн хэлж байгаа. Тэр ч байтугай гэрлээд хоёр cap болоод салсан гэр бүл ч байгаа аж. Энэ мэтчилэн хэврэг амьдрал газар авч, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх боллоо. Эцэг, эхчүүд нь таарахгүйдээ салаа л биз гэсэн Монголчуудын тоомжиргүй сэтгэлгээ ирээдүй хойч үеийг маань эмгэнэлд хүргэж байна. Бие, биенээ сайн танилгүй яаран ханилсан болчимгүй байдлаас болж бяцхан үрс маань хүндхэн давааг туулах гэж бэдэрч явна.
Б.Ариунзаяа
"МОНЦАМЭ" агентлаг
Ээжээ, та надад дэлгүүрээс шинэ аав аваад өгөөч | ||
Үзсэн: 3132 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.