Шууд Chart

Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг батлав

2024-01-13 10:00:49

Засгийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн “Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр чуулганаар хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Аюулгүй байдлын гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан нар тус тус танилцуулсан.

Монгол УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.5.5.-т “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцааг өргөжүүлэн, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бусад улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана”, 4.5.8.-т “Улс төр, эдийн засгийн харилцааны түвшин, ач холбогдол, тухайн улсад оршин суугаа монгол иргэд болон харилцан зорчиж байгаа иргэдийн тоо зэргийг харгалзан Дипломат төлөөлөгчийн газруудын байршил, бүтэц, орон тоог оновчтой болгоно” гэж заасны дагуу Төв Азийн бүс нутагтаа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжлөөр тэргүүлдэг 35 сая хүн амтай, бүс нутагтаа томоохонд тооцогддог зах зээлтэй Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах Засгийн газрын саналыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцөн дэмжсэн шийдвэр гарсан. Байнгын хорооны дээрх шийдвэрийг үндэслэн Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах саналаа дипломат шугамаар тавьж зөвшөөрсөн хариу авсан тул холбогдох хууль тогтоомжийн дагуу Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Монгол УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан талаар танилцуулгад дурдсан байлаа.

Элчин сайдын яамдыг гурван орон тоотой ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд холбогдох зардлыг 2024 оны төсвийн төсөлд тусгасан байна.

Мөн УИХ-ын  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн байна.

Тогтоолын төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Д.Ганбат нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд гишүүд тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Узбекситан нь Төв Азийн улс дотроо нөлөө бүхий эрчимтэй хөгжиж байгаа улс. Монгол Улсаас европруу цаашлаад Төв Азийн орнууд болон түүгээр дамжин Ойрх Дорнод руу гарах хамгийн дөт гарц тул тун удахгүй бид тус улстай авто болон агаарын тээврийн хэлэлцээр байгуулна. Ингэснээр Ташкент руу шууд нислэг хийж, Хятадаар дамжаад Узбекистан улс руу автотээвэр хийдэг болно. Бид тус улс, Төв Хзи, Ойрх Дорнодын орнууд руу мах махан бүтээгдэхүүн хүргэх, тус улсаас жимс, жимсгэнийг хямдаар оруулж ирэх зэргээр хоёр орны худалдааг хөгжүүлэхэд Монгол Улс  Элчин сайдын яамаа нээн ажиллуулах нь тун чухал ахлам  болно гэж байлаа.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Туваан тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улс нийт хэчнээн дипломат төлөөлөгчийн газар ажиллуулж байгаа болон салбарын яамнаас энэ талаар баримталж буй бодлогыг лавлахад, “Монгол Улс нийт 47 дипломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаагийн 32 нь Элчин сайдын яам, хоёр нь Байнгын төлөөлөгчийн газар, ес нь Ерөнхий консулын газар, гурав нь Консулын газар байна. Тэдгээрийн нийт төсөв нь  жилдээ 42.4 сая ам.доллар бөгөөд Узбекстан улсад нээх Элчин сайдын яамны хувьд жилийн 355809 ам.долларын төсөвтэй. Манай дипломат алба маш цөөхөн хүнээр үйл ажиллагаагаа явуулдаг. Цаашдаа гадаад харилцаагаа хөгжүүлье гэвэл дипломат төлөөлөгчдийн газрыг өргөжүүлэх, хүний нөөцөө бэхжүүлэх, дипломатуудынхаа тоог нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна” хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариулав.

Ингээд “Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 59.0 хувь нь дэмжлээ. 


Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг батлав  
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй