Шууд Chart

“Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

2024-01-13 10:50:00

УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,  Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

УИХ-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулах” зорилтыг тусгасан.

Түүнчлэн, Улсын Их Хурлаас “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 оны 57 дугаар тогтоолоор баталсан боловч төрийн байгууллагууд нийслэл Улаанбаатар хотод төвлөрсөн, хүн амын тоо жил бүр тогтмол өсөж байгаа зэргээс шалтгаалан уг үзэл баримтлалд дурдсан хот-хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах асуудал гажуудсан байна. 

Иймд  хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний  хэт төвлөрлийг сааруулах шийдэл нь  олон улсын жишгийн дагуу бүсчилсэн хөгжлийг дэмжин, хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах бодитой хүчин зүйлсийг бий болгож нийслэл хотыг чиглэсэн эрчимтэй хотжилтын үйл явцыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Тогтоолын төслийг хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж, хөгжлийн түвшинг ойртуулж, бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор боловсруулж, дараах асуудлыг тусгалаа.

Үүнд: -Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан бүсчлэн нийслэл Улаанбаатар хотоос үе шаттайгаар нүүлгэн байршуулах арга хэмжээ авах;

-Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгаа хангах асуудлыг судалж, зохих арга хэмжээ авах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, шийдвэрлүүлэх;

-Төрийн байгууллага, албан хаагчдыг орон нутагт бүсчилсэн байдлаар шилжүүлэн байршуулахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тооцон тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэж байх талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах асуудал болон тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тухай зохицуулалтыг тусгасан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.

Уг тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан нэн яаралтай хэлэлцүүлэх дэгийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлаас “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 оны 57 дугаар тогтоолоор баталсан боловч төрийн байгууллагууд нийслэл Улаанбаатар хотод төвлөрсөн, хүн амын тоо жил бүр тогтмол өсөж байгаа зэргээс шалтгаалан уг үзэл баримтлалд дурдсан хот-хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах асуудал шийдэгдэхгүй байгаа тул Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлд заасанчлан Засгийн газар Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах гэсэн бүрэн эрхийн хүрээнд төрийн байгууллагуудыг бүсчлэн нүүлгэн шилжүүлэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгөх зорилгоор УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг дурдаад УИХ-ын тогтоолын төслийг d.parliament.mn цахим хаягт байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа гэж байлаа.

Мөн тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 58.3 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Туваан, Ж.Батжаргал, Ц.Идэрбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Энэхүү тогтоолоор өмнөх батлагдсан  үзэл баримтлал, хууль тогтоомжийн хэрэгжилтэд бодит үнэлэлт, дүгнэлт өгөөд, энэ цаг үед тавигдаж буй шаардлагад нийцүүлэн суурь судалгаануудаа нарийчвлан хийж, үзэл баримтлал, бодлого, эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгох талаар төсөлдөө тусгах, мөн тогтоолоор төрийн байгууллагуудын байршлыг тодорхой болгох шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Тогтоолын төслийн дагуу холбогдох судалгааг хийж, төрийн байгууллагуудыг орон нутагруу шилжүүлж, тэнд ажиллах төрийн албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх юм байна. Энэ хэрээр тухайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн эрчимжилт сэргэх олон эерэг тал гарна” гэж байлаа.  

Ингээд “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.3 хувь нь дэмжсэн. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.


“Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй