Шууд Chart

“Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” тогтоолын төслийг батлав

2024-01-13 11:02:00

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийн бүсчлэлийн бүс нутаг, хот, хөдөөгийн хөгжлийн нэгдмэл болон бүсүүдийн харьцангуй бие даасан, харилцан уялдаатай тогтолцоог бүрдүүлж, бүс, нутаг, хот, хөдөөг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын нутагшилт, суурьшлын олон төвтэй тогтолцоог бий болгох, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн орон нутагт шилжин суурьших таатай нөхцөлийг хангах зорилгоор Улсын Их Хурлаас баталсан бодлого, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулах, иргэдээс санал авах, байр суурийг нь сонсох ажлыг зохион байгуулахтай холбогдуулан “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг тодотгож байлаа.

Түүнчлэн УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үндэслэл, үзэл санаа, төрийн зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх зорилтуудыг тодорхойлон, хэрэгжүүлэх үе шатыг тусган баталсан. Мөн УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод бүс, орон нутаг, нийслэл Улаанбаатар болон дагуул хотыг хөгжүүлэх, Монгол УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан Шинэ сэргэлтийн бодлогод боомтын болон хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтуудыг тусган хэрэгжүүлж байна. Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогод тусган хэрэгжүүлж байгаа бүсчилсэн хөгжлийн зорилтууд, түүний хэрэгжилтийг иргэдэд тайлбарлан таниулж, иргэдийн санал, байр суурийг сонсож, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсронгуй болгох шаардлагатай байна гэв.

Тогтоолын төсөлд УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд бүсчилсэн хөгжлийн талаарх бодлого, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулах, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулахтай холбогдуулан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахыг УИХ-ын гишүүдэд даалгах, түүнчлэн бүсчилсэн хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох, Монгол Улсын эдийн засгийн бүсчлэлийг тогтоох асуудлаар эдийн засгийн форумыг бүсчлэн зохион байгуулах, холбогдох бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх шаардлагатай мэдээллээр хангах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгах зохицуулалтыг тусгасан болно. Мөн “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн болно гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, 01 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө тайланд тусгуулах саналыг УИХ дахь АН-ын бүлэг, гишүүдээс авах шаардлагатайг мэдэгдээд дээрх хоёр тогтоолын төсөл нь жалга довны асуудлаас нэг алхам холдсон Монгол Улсын эрх ашигт нийцэж буй тул УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байгаагаа илэрхийлж  байна гэж байлаа.

Ингээд “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоол батлагдлаа.


“Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” тогтоолын төслийг батлав  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй