Шууд Chart

БНХАУ-ын хүн амын өсөлт 2 жил дараалан буурчээ

2024-01-17 15:09:16

БНХАУ-ын үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2023 онд энэ улсын хүн ам 2 саяар буурч 1 тэрбум 400 саяд дөхөж ирээд байна. Ингэснээр хүн ам нь хоёр дахь жилдээ дараалж буурч байна гэсэн үг юм. 2020-иод он гарсаар Хятадын хүн ам буурахад голлох үүрэг гүйцэтгэсэн зүйл бол КОВИД цар тахал. Цар тахлын үе дууссан ч үр нөлөө нь үргэлжилсээр байгаагийн нэг хэлбэр нь хүн амын өсөлт, түүнийг дагасан эдийн засгийн урт хугацааны уналт гэж шинжээчид харж дүгнэж байна.
 
Хятадын хүн ам 2023 онд буурсан тоо хэмжээ 2022 онд буурсан тоо хэмжээнээс үнэмлэхүй илүү байна. 2022 онд Хятадын хүн ам 850 мянгаар буурч байсан байна. Үүнээс өмнө хамгийн сүүлд Хятадын хүн ам 1961 онд буурч байсан. Удирдагч Мао Зедуны үед их өлсгөлөн болсны улмаас хүн ам буурч байсан түүхтэй юм. Хятад улс цар тахлаас хойш гурван жилийн хугацаанд хилээ хааж, КОВИД-ын хатуу бодлого баримталж байгаад 2022 оны 12-р сард хилээ бүрэн нээсэн. Өнгөрсөн онд энэ улсад мөн нийт нас баралтын тоо 6,6 хувиар өсөж, 11 саяд хүрсэн нь 1974 оны Соёлын хувьсгалаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин төрөлт 5,7 хувиар буурч, 9 саяд хүрсэн. Мянган хүн тутамд төрж байгаа хүүхдийн тоо 6,3 болж буурсан нь мөн л түүхэн доод үзүүлэлт болоод байна. 1980 оноос 2015 он хүртэл хэрэгжсэн “Нэг айл нэг хүүхэд” бодлогын улмаас Хятадын төрөлт хэдэн арван жилийн турш тогтмол буурч байгаа. Мөн улсын эдийн засгийн хөгжил өсөн нэмэгдэхийн хэрээр хөдөө орон нутгийн иргэд хот руу чиглэсэн нүүдэл нэмэгдэж байгаа нь төрөлт буурах нэг үзүүлэлт болж байгааг судлаачид тайлбарлаж байна. Том хотод хүүхэд төрүүлж өсгөх нь хөдөө орон нутагт хүүхэд төрүүлж өсгөхөөс илүү өртөг өндөртэй байдаг гэсэн судалгаа байна. Түүнчлэн Хятадын залуучууд хүүхэдтэй болох сонирхол буурч байгаа бас нэг шалтгаан нь залуусын ажилгүйдлийн түвшин түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь юм. Цагаан захтан ажилчдын дундаж цалин мөн буурсаар байгаа нь өндөр боловсролтой залуусын Хятадад ажил эрхлэх сонирхлыг бууруулж байгаа гэсэн судалгаа ч гарсан байна.

Мөн үл хөдлөхийн салбар хямралтай байгаа нь хүүхэд төрүүлж, өрх гэр болон тусдаа гарахад сөргөөр нөлөөлөх нэгэн хүчин зүйл болж байна. Ажиллах хүч болон хэрэглэгчид буюу хүн ам буурч байгаагийн улмаас дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсын хөгжил цэцэглэлтэд сөргөөр нөлөөлөх вий гэсэн сэрэмж олон улсад нэмэгдээд байна. Эдийн засаг удаашралтай байгаагийн уршгаар ахмад настны асаргааны өртөг нэмэгдэж, тэтгэврийн нэмэлтүүд улам багасаж байгаа нь дотоодын эдийн засгийн, тэр дундаа орон нутгийн засаг захиргаадын өр нэмэгдэх голлох асуудал болж байна. Сүүлийн жилүүдэд Энэтхэг улс хүн амаараа Хятадыг давж дэлхийн хамгийн их хүн амтай улс болсон.

Дэлхийн томоохон бизнес эрхлэгч компани, үндэстэн дамнасан корпорацууд үйлдвэрээ Хятадаас гаргаж, Энэтхэг, Бангладеш зэрэг ажиллах хүч ихтэй газрууд руу нүүлгэх магадлал нэмэгдэж байгаа нь олон улсын анхаарлыг татах сэдэв болоод байна. Бээжин болон Вашингтоны хооронд геополитикийн харилцаа хурцадмал байгаа өнөө үед энэ нь ч илүү зөв шийдвэр байх магадлалтай гэж олон улсын ажиглагчид үзэж байна. НҮБ-аас гаргасан судалгаагаар Хятадын хүн ам 2050 он гэхэд 109 саяар буурах магадлалтай гэж тооцоолж байгаа юм байна.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын хүн амын өсөлт 2 жил дараалан буурчээ  
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-06 14:07
no
Зочин [127.0.0.xxx] 2024-05-06 14:06
no

Бидэнтэй нэгдээрэй