
Орон нутгийн цагаар Лхагва гарагийн өглөө Москвагаас Белгород хот руу цэргийн олзлогдогсод тээвэрлэж явсан ОХУ-ын Ил-76 нисэх онгоц агаарын довтолгоонд өртөж, дотор нь сууж явсан 74 зорчигч бүгд амь үрэгдсэн хэрэг гарчээ. Зорчигчдын 65 нь олзны Украин цэрэг байсан байна. Москва энэ довтолгоог Украин улс явуулсан гэж үзэж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг яаралтай хуралдахыг шаардсан байна. Аюулгүйн Зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдана гэж мэдэгдлээ. Украины зүгээс энэ осолтой холбоотой мэдэгдэл гаргаж, онгоцонд зорчигчид явж байсан талаар мэдээлэл байгаагүй гэдэг байр суурь илэрхийлжээ.
Белгород хот нь Оросын зүүн өмнөд хэсэгт Украины хилийн ойролцоо оршдог хот. Москвагийн зүгээс онгоцонд явсан 65 олзны цэргийг Украинтай солилцохоор зөөвөрлөж явсан гэж мэдээлсэн байна. Онгоцонд олзны цэргүүдээс гадна онгоцны багийн 6 орос гишүүн, 3 харуулын цэрэг зорчиж явжээ. Украины тагнуулын төв газраас энэ хэрэгтэй холбоотойгоор мэдэгдэл гаргасан. Хоёр улс идэвхтэй дайтаж байгаа энэ цаг үед хил орчмын зурвас дахь агаарын орон зай аюулгүй байна гэдэг боломжгүй гэдэг байр суурийг мөн илэрхийллээ. Нисэх онгоц осолдох үеэр Украины тагнуулын төв газраас ОХУ-ын зэвсгийн ачаа тээврийн нисэх онгоцыг сөнөөсөн гэж мэдээлсэн байна. Украины Правда цахим сайтад тус улсын цэргийн томоохон генералын өгсөн мэдээллээр бол Ил-76 онгоц Оросын S-300 гэх агаарын довтолгоо эсэргүүцэгч систем ачиж явсан гэх мэдээллийг анх авсан юм байна. Онгоцонд олон тооны зорчигч яваа гэдгийг Оросын тал мэдээлж, аюулгүй байдлыг нь хангасангүй гэж тэдний зүгээс буруутгалаа. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ыг Украины олзны цэргүүдийн амь насаар тоглож байна гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тэрээр өнөөдөр тохиож байгаа төрсөн өдрөө тэмдэглэхээр бүс нутаг дахь уулзалт, айлчлалуудаа цуцлаад байсан юм. Харин ОХУ-ын зүгээс Украины довтолгоог буруутгаж, олзны цэргүүдийг солилцох гэтэл оронд нь ийм их хохирол дагуулсан осол гарахад хүргэлээ гэж мэдэгдэж байна. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ тал дээр байр сууриа илэрхийллээ.
Сергей Лавров ОХУ-ын гадаад хэргийн сайд “Ослын талаарх мэдээллийг бид саяхан хүлээн авлаа. Энэ хэргийг бид шалгаж байгаа. Хэргийг үнэн зөв мөрдөхийн тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг Нью-Йоркын цагаар Пүрэв гарагийн 15 цагт хуралдахыг хүсэж байна. Нэн ялангуяа энэ онд Аюулгүйн Зөвлөлийг даргалж байгаа Франц улс үүнийг анхааралдаа авна уу. НҮБ Ил-76 онгоцонд Украины олзны цэргүүд явж байсан гэдэгт итгэхгүй байж магадгүй. Энэ байгууллага олон жилийн турш ямар байр суурьтайгаа харуулсаар ирсэн. Тэглээ гээд бид санаа зовохгүй байна” гэж ярилаа.
Сергей Лавров НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг хуралдуулахыг хүсэхтэй зэрэгцэн АНУ мөн энэ хэргийн талаар тодорхой бодит баримт нотолгоо хэрэгтэй гэдэг байр суурийг Цагаан ордноос өглөө. Цагаан ордны төлөөлөгч Жон Кирбигийн мэдээлснээр ОХУ ч, Украин ч өөр өөр мэдээлэл өгч байгаа тул хэргийн талаар тодруулахад хүндрэлтэй байна гэж мэдээлсэн байна. Харин ОХУ-ын тухайд АНУ-тай хэлэлцэх зүйл байхгүй, Украин ОХУ-ын стратегийн байгууламжууд руу халдан довтлоход АНУ тусламж үзүүлдэг учраас өнөөдөр Украины пуужин эсэргүүцэгч болоод пуужингийн систем нь ингэтлээ хөгжиж, ийм хэмжээний довтолгоо явуулж байна гэж гадаад хэргийн сайд Сергей Лавров дурдлаа.
Түүнчлэн ОХУ-ыг Европ руу халдан довтолно гэх мэдээлэл ямар ч утга учиргүй, ОХУ цэрэг зэвсгээр ч, улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч хаашаа ч дайрах сонирхолгүй гэж мэдэгдсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ ослын талаар ямар нэгэн байр суурь илэрхийлсэнгүй. Тэрээр хэргийн талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй тул мэдэгдэл гаргахгүй гэж үзсэн гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна.
Цэргийн олзлогдогсод тээсэн ОХУ-ын нисэх онгоц агаарын довтолгоонд өртөж сүйрэв | ||
Үзсэн: 1841 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.