Шууд Chart

ХБНГУ: Галт тэрэгний ажилчид ирэх даваа гараг хүртэл ажил хаяна гэж мэдэгдэв

2024-01-25 16:33:22

Герман улсад энэ сарын эхээр галт тэрэгний ажилчид гурав хоног ажил хаясан. Тэд ажлын хэт их ачаалал, дундаж цалин хөлс хэт бага байгааг эсэргүүцэж ийнхүү ажил хаяж эхэлсэн юм. Тэгвэл галт тэрэгний ажилчид Лхагва гарагаас эхэлж дахин ажил хаялаа. Энэ удаад 6 хоногийн турш буюу ирэх Даваа гараг хүртэл ажил хаяна гэдгээ мэдэгдсэн байна. Энэ ажил хаялт нь энэ сард болж байгаа дөрөв дэх үйлдвэрчний эсэргүүцэл хөдөлгөөн болж байгаа, мөн хамгийн олон хоног үргэлжлэх ажил хаялт болж байна.

Олон хоног үргэлжлэх ажил хаялтын үр дүнд Европын Холбооны хамгийн том эдийн засагтай орны эдийн засаг болоод өдөр тутмын аж байдалд саад тотгор бага учруулахын тулд ажил хаялтын хоёр талд байгаа субъектүүд тохиролцоонд хүрэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Маргааны нэг талд цалин хөлсөө нэмэгдүүлэх гэсэн Германы галт тэрэгний жолооч нарын холбоо байгаа бол нөгөө талд нь төрийн өмчит төмөр замын Доич Бан компани байгаа.

Доич Бан компанийн хэвлэлийн төлөөлөгч ажил хаяж байгаа галт тэрэгний жолооч нарт хандаж “Та бүхэн бидэнтэй тохиролцох хэрэгтэй. Буулт хийж болох ямар арга зам байна, түүнийг олох ёстой. Ажил хаяж байгаа хүмүүс эдийн засагт маш их хор хохирол учруулж байна” гэж мэдэгдсэн байна. Зорчигч тээврийн галт тэрэгний ажилчдаас гадна ачаа тээврийн галт тэрэгний ажилчид мөн өнгөрөгч Мягмар гарагаас эхэлж ирэх Даваа гараг дуустал ажил хаяж байгаа юм байна. Салбарын шинжээчид, эдийн засагчдын тооцооллоор энэ ажил хаялт нийтдээ 1 тэрбум долларын алдагдал үүсгэх магадлалтай юм байна. Одоогоор галт тэрэгний ажилчид долоо хоногт 38 цаг ажилладгаа 35 цаг болгон бууруулж, цалин хөлсөө яг хэвээр нь авахыг хүсэж байгаа. Харин Доич Баны зүгээс ингэж ажлын цагийг өөрчлөхийн тулд ажилчдын тоог 10 хувиар нэмэгдүүлэх ёстой болно. Гэтэл энэ салбар нь өөрөө чадварлаг ажиллах хүчний дутагдалтай салбар гэж үзэж, ажилчдын шаардлагыг хүлээн авахгүй байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ: Галт тэрэгний ажилчид ирэх даваа гараг хүртэл ажил хаяна гэж мэдэгдэв  
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй