
Иордан, Сири улсуудын хилийн орчимд байрладаг АНУ-ын цэргийн хуаран нисгэгчгүй дроны дайралтад өртөж, цэргүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хэрэг урьд шөнө боллоо. Энэ мэт Ойрх Дорнод дахь нөхцөл байдал хурцдаж байгаагийн улмаас газрын тосны нэг баррелийн үнэ 1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Түүнчлэн бямба гарагт Улаан тэнгис дэх Трафигура компанийн газрын тос зөөвөрлөгч усан онгоц Йемений Хусит босогчдын пуужингийн довтолгоонд өртсөн нь газрын тосны хомсдол үүсэх эрсдэл дагуулж, газрын тосны нэг баррелийн үнэ өсөхөд нөлөөлсөн бас нэг шалтгаан болж байна.
Өнөө өглөө 10 цаг 30 минутын орчимд Брент төрлийн түүхий нефть 0,4 хувь буюу 29 центээр өсөж, нэг баррелийн үнэ 83 доллар 84 цент болсон байна. Үүнээс хэдхэн хормын өмнө нэг баррелийн үнэ 84 доллар 80 цент болтлоо өсөөд байсан юм. АНУ-ын Баруун Техасын дундаж түүхий нефть мөн 0,4 хувиар буюу 34 центээр өсөж, 78 доллар 35 центэд хүрсэн байна. Дэлхийд газрын тос олборлолтоор тэргүүлэгчдийн нэг ОХУ-ын цэвэршүүлсэн газрын тосны экспорт ямагт бууралттай байгаа энэ цаг үед газрын тосны нийлүүлэлтээр мөн дэлхийн ихэнх улс орныг дангаараа хангадаг Ойрх Дорнодын бүс нутаг дахь газрын тос олборлох, тээвэрлэх явц бүс нутгийн дайн мөргөлдөөний улмаас эрсдэлд орж байгаа нь олон улсын санааг ихээхэн чилээж байна. Иордан дахь АНУ-ын цэргийн хуаран довтолгоонд өртсөн хэргийг тодруулбал, 3 цэрэг амиа алдсан гэж олон улсын агентлагууд мэдээлж байна. Улмаар АНУ Ойрх Дорнод дахь мөргөлдөөнд улам гүнзгий нэвчих нэг үндэс болж байна гэж Канадын хамгийн том банк болох RBC-ийн капиталын шинжээч Хэльма Крофт Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэр дундаа АНУ Иран улстай тогтворгүй харилцаатай байгаа энэ цаг үед энэ хоёр улс илүү ширүүн мөргөлдөөнд хүрвэл бүс нутгийн эрчим хүчний гинжин хэлхээ тасалдах аюултайг сануулсан байна. Улаан тэнгист Хуситуудын дайралтад өртсөн газрын тос олборлох цооног, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг сэргээн засварлах ажил үргэлжилж байна.
Бямба гарагт Хуситын довтолгоонд өртсөн Трафигура компанийн газрын тос зөөвөрлөгч усан онгоцон дээр гарсан галыг унтраасан. Гэхдээ цаашид олон олон чухал тээврийн хөлөг онгоц дайралтад өртөх өндөр магадлалтай гэж Трафигура компанийн зүгээс сэрэмжилсээр байна. Улаан тэнгист яваа газрын тос тээвэрлэгч хөлгүүд дахин халдлагад өртөхөөс өмнө газрын тосны нийлүүлэлт тасалдана гэдэг хязгаартай байсан бол Бямба гарагийн довтолгооноос хойш эрсдэл улам нэмэгдсэн гэж мөн дурдлаа. Хуситууд тэр дундаа АНУ, Их Британитай холбоотой газар тос тээвэрлэгч онгоцнуудыг онилж байгаа нь хамгийн том асуудал гэж үзэж байна. Газрын тосны зах зээлийг тойрсон сэтгэл ханасан тайван байдал үгүй боллоо гэж салбарын шинжээчид дүгнэж байна.
Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцдаж газрын тосны үнэ өслөө | ||
Үзсэн: 766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.