Шууд Chart

ПЕНТАГОН: АНУ Иран улстай дайтах хүсэлгүй байна

2024-01-30 16:33:34

Өнгөрөгч Ням гарагт Иордан улсын нутаг дэвсгэр дээр байршдаг АНУ-ын цэргийн хуаран пуужингийн довтолгоонд өртөж, 3 цэрэг амь эрсдэн, 40 орчим хүн шархадсан хэрэг гарсан. Энэ хэргийг Ираны исламын зэвсэгт бүлэглэл үйлдсэн гэж үзэж байгаа. Тэгвэл Даваа гарагт АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллоид Остин Иордан дахь зэвсэгт хүчнээ хамгаалахын тулд бүх шаардлагатай арга хэмжээг авна гэж мэдэгдсэн. Гэхдээ Иран улстай дайтах сонирхол байхгүй гэж Пентагоны зүгээс илэрхийлжээ.

Өнгөрсөн оны 10-р сарын 7-нд Израил-Хамасын дайн эхэлснээс хойш Ойрх Дорнодод байршдаг АНУ-ын зэвсэгт хүчин рүү ирсэн хамгийн их хохирол дагуулсан довтолгоо энэ удаагийн довтолгоо байсан байна. АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллоид Остин Даваа гарагт НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенбергтэй Пентагонд уулзсан. Энэ үеэрээ тэрээр амиа алдсан цэргүүдэд эмгэнэл илэрхийлж, цаашид зэвсэгт хүчнээ хамгаалахын тулд бүх хүчин чадлаа дайчилна, ерөнхийлөгч бид хоёр манай улсын зэвсэгт хүчин рүү халдсан хэргийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдэг байр суурь илэрхийлсэн. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөн ерөнхийлөгч Байдены мэдэгдлийг ишлэж, ийм хор хөнөөлтэй халдлагын хариуг хэд нугалж өгнө гэж мэдэгдсэн. Гэхдээ ерөнхийлөгч Байдены албанаас арай өөр байр суурь илэрхийлж байгаа нь Иран улстай дайтах сонирхолгүй, энэ хэргийг өргөжүүлэн дэврээх хүсэлгүй гэсэн байр суурь баримталж байгаа юм байна. Пентагоны зүгээс Иран улсын засгийн газрыг ч дайн хийхийг хүсээгүй гэж мэдээлж байгаа. Байдены албаны байр суурийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мөн дамжуулан хүргэсэн байна. Үүндээ АНУ аливаа асуудлыг цэрэг зэвсгийн хүчээр шийдвэрлэхийг хүсэхгүй байна гэж дурдаад, ерөнхийлөгч Байден Иордан улсын нутаг дэвсгэр дээр болсон хэргийг өөр боломжит хохирол багатай арга замаар шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэж мэдэгдсэн.

Одоогийн байдлаар Сирийн хилийн орчим дахь Иордан улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг Тауер-22 гэх 350 цэргийн бүрэлдэхүүнтэй хуаран яагаад дроны довтолгоог зогсоож чадаагүйг шалгаж байна гэсэн мэдээлэл байна. Шалгалтын багийнхны хэлж байгаагаар дайсны дрон энгийн үеийнхээс нам доогуур нисэж ирсэн тул хамгаалалтын систем алдсан гэж дүгнэж байгаа юм байна. Ерөнхийлөгч Байден Даваа гарагийн өглөө Батлан хамгаалахын сайд болон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бусад гишүүдтэй Цагаан ордны нөхцөл байдлын өргөөнд уулзаж, хуралдсан байна.

Цаашид Ойрх Дорнодын бүс нутагт мөргөлдөөн улам ширүүсэж, дайны түвшинд очихоос сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах талаар хэлэлцсэн гэж хэвлэлийн төлөөлөгчид нь мэдээлж байна. Өнгөрсөн 4 сарын хугацаанд АНУ-ын Ирак, Сири, Иордан улсын нутаг дэвсгэр дээрх цэргийн хуарангууд 160 гаруй удаа агаарын довтолгоонд өртсөн. Мөн Улаан тэнгист АНУ-ын ачаа тээврийн хөлөг онгоцууд Йемений Хусит босогчдын довтолгоонд өртсөөр байгаа нь бүс нутгийн нөхцөл байдал тун ширүүссэнийг харуулж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ПЕНТАГОН: АНУ Иран улстай дайтах хүсэлгүй байна  
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй