Шууд Chart

ИЗРАИЛ: НҮБ-ын Палестинчуудад туслах агентлагийн 190 ажилтан “Хамас” бүлгийн гишүүн байсан

2024-01-30 16:39:32

НҮБ-ын палестины дүрвэгчдэд туслах агентлагийн ажилчдыг 10-р сарын 7-ны Хамас бүлгийн довтолгоотой холбоотой гэж сэжиглэж, улс орнууд тус байгууллагад өгөх санхүүжилтээ татаад байсан. Тэгвэл Израил улсын зүгээс тус байгууллагын эсрэг зургаан хуудас бүхий хавтаст хэрэг үүсгэсэн байна. Үүнд дурдсанаар НҮБ-ын палестинд туслах агентлагийн 190 багш, ажилчин Исламын зэвсэгт Хамас бүлгийн гишүүн байсан гэж сэжиглэж байгаа юм байна. Тус хавтаст хэргийг Ройтерс агентлаг олж үзэж, олон нийтэд мэдээлсэн бол НҮБ-ын зүгээс тус хавтастай албан ёсоор танилцаагүй гэж мэдэгдсэн байна.

Ройтерс агентлагийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус хавтаст хэрэгт Хамас бүлгийн гишүүн гэх 11 хүний нэр, зургийг хавсаргасан байна. Палестинчууд харин Израилыг НҮБ-ын палестинчуудад туслах хүмүүнлэгийн байгууллагыг гутаах зорилгоор худал мэдээлэл тархааж байна гэж шүүмжилж байна. НҮБ-ын палестинчуудад туслах агентлагийн зүгээс харин энэ сэжиг таамаг эхэлсэн цагаас хойш хэд хэдэн ажилтныг шалгаж, заримтай нь байгуулсан гэрээгээ цуцалж, ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан байгаа. Мөн үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, үнэн мөнийг нь олно гэж мэдэгдсэн.

Израилын талын Ройтерс агентлагт дэлгэн харуулсан хавтаст хэрэгт нэр нь дурдагдсан 11 хүний нэг нь сургуулийн багш хийдэг. Өнгөрсөн оны 10-р сарын 7-ны өдөр Хамас бүлгийн гишүүн хүү нь израил иргэдийг барьцаалж байхад хүүдээ тусалсан гэж буруутгаж байгаа юм. Исламын зэвсэгт Хамас бүлэглэл нь 10-р сарын 7-ны өдөр Израил руу гэнэт халдан довтолж, 1200 иргэний аминд хүрч, 253 хүнийг барьцаалснаар дайн эхэлсэн. Сэжиглэгдэж байгаа 11 хүний бас нэг нь Газын зурваст израил цэргийн цогцсыг зөөвөрлөхөд тусалсан, Хамас бүлгийн дайчдад зэвсэг нийлүүлэхэд ачааны машины хөдөлгөөнийг чөлөөлж өгсөн гэж буруутгагдаад байгаа юм байна. Мөн хэд хэдэн ажилтан Израилын хилийн зурвас дагуух тосгод руу халдан түрэмгийлэл үйлдэж байсан гэж буруутган бичжээ. Израилын гадаад хэргийн сайд Исраэль Кац НҮБ-ын палестинд туслах агентлагийн дарга Филиппе Лаззариниг ажлаа өгөх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Палестины ерөнхий сайд Мухаммед Штайе Израилыг тус хүмүүнлэгийн байгууллагын эсрэг улс төрийн дайралт хийж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Үргэлжлүүлэн, Ройтерс агентлагийн эх сурвалж хавтаст хэрэгт дурдагдсан 190 ажилтан бол Хамас бүлгийн сайтар бэлтгэгдсэн алан хядагчид байсан гэж тодорхойлж, мөн тус байгууллагын Газын зурваст ажилладаг 13 мянган ажилчны 10 хувь нь Хамас бүлэгтэй ямар нэгэн холбоотой гэж үзэж байгаа юм байна.

Одоогийн байдлаар энэ хэргээс улбаалж АНУ, Герман тэргүүтэй арав гаруй орон тус байгууллагад өгдөг санхүүжилтээ царцаагаад байна. Эдгээр санхүүжилтээ зогсоосон орнууд нь тус байгууллагын төсвийн 70 хувийг бүрдүүлдэг гэдэг утгаараа тэдний тусламж зогссоноор Газын зурвасын хүмүүнлэгийн нөхцөл байдал маш хүндэрнэ гэж НҮБ-ын зүгээс тайлбарласаар байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо нэр нь дурдагдаж байгаа агентлагийн томоохон донор улсуудтай уулзаж хэлэлцэхээр товлосон байгаа юм байна. НҮБ-ын палестинчуудад туслах агентлаг нь 1948 онд Израил-Палестины дайн эхэлснээс нэг жилийн дараа 1949 онд палестины дүрвэгчдэд туслахаар байгуулагдаж байсан, НҮБ-ын хамгийн том агентлаг юм. Энэ агентлаг өнөөдөр Газын зурвасаас гадна Сири, Ливан, Иордан, Иордан голын баруун эрэг зэрэг нутагт үйл ажиллагаа явуулдаг.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ИЗРАИЛ: НҮБ-ын Палестинчуудад туслах агентлагийн 190 ажилтан “Хамас” бүлгийн гишүүн байсан  
Үзсэн: 755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй