Шууд Chart

Францын тариаланчид Европын Холбооны газар тариалангийн шинэ зохицуулалтыг эсэргүүцлээ

2024-01-31 10:27:29

Францын газар тариалан эрхлэгчид Европын Холбооны байгаль орчны ногоон бодлого баримтлах хуулийн зохицуулалтыг эсэргүүцэж, нийслэл Парисыг тойрсон замуудыг трактороор хаажээ. Тариаланчид инфляц өсөхийн хажуугаар хүлэмжийн хий бууруулах, бордоо бага хэрэглэх зорилготой Европын холбооны газар тариалангийн шинэ зохицуулалт тариалан эрхлэлтийг хумьж, ашиг орлогыг нь бууруулна гэж үзэж, уг хууль дүрмээ цуцлахыг шаардаж байна.

Эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан Францын засгийн газар тодорхой зохицуулалт хийж, ерөнхийлөгч Макрон Европын Холбооны газар тариалангийн хууль, дүрмийг зөөлрүүлэх чиглэлд дипломат шахалт үзүүлэхээр ажиллаж байна.

Тариалан эрхлэгчид нийслэл Парис хотын эргэн тойронд найман байршилд хурдны замыг трактороор хааж, тайван жагсаал хийжээ. Энэхүү эсэргүүцлийн жагсаалд 800 гаруй трактортой 1500 орчим хүн оролцсон байна. Жагсаалын үеэр дэг журам сахиулахад Францын засгийн газар 15 мянга орчим цэрэг цагдааг дайчилсан байна. ЕХ-ны 2023 онд батлагдсан байгаль орчныг нөхөн сэргээх тухай хуульд гишүүн орнууд 2030 он гэхэд хуурай газар, далайнхаа тавны нэгд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай болсонд газар тариалан эрхлэгчдийн дийлэнх нь сэтгэл дундуур байна. Европын холбоо хүлэмжийн хий бууруулах зорилгоор 2050 он гэхэд Европыг цаг уурын өөрчлөлтгүй бүс нутаг болгох төлөвлөгөө зарласан. Энэ зорилгын хүрээнд ЕХ 2030 он гэхэд пестицийн хэрэглээг 50 хувиар бууруулах, бордооны хэрэглээг багасгах, хөдөө аж ахуйн газрын 10-аас доошгүй хувийг ХАА-н бус зориулалтаар ойжуулах төсөл, хиймэл цөөрөм байгуулах зэрэгт хуваарилах, ЕХны ХАА-н эдэлбэр газрын 25 хувийг органик газар тариаланд ашиглах бодлого баримталж байна. ХАА-н салбар нь ЕХ-ны гишүүн улсуудын хүлэмжийн хийн нийт ялгарлын 11 хувийг эзэлдэг учраас энэ ялгарлыг бууруулах ногоон төлөвлөгөө нь тариалан эрхлэлт, ашиг орлогод сөргөөр нөлөөлнө гэж тариалан эрхлэгчид уг бодлогыг хүчтэй эсэргүүцэж байгаа юм байна.

Мөн Тариаланчид дайны нөлөөгөөр бордоо, эрчим хүч болон тариа тарих, малын тэжээлийн үнэ нэмэгдсэн нь тэдний орлогыг бууруулж, зарим хүмүүсийг газар тариалан эрхлэх боломжгүй болгож байна гэсэн байр суурьтай байна. Баасан гарагт Францын засгийн газар хөдөө аж ахуйн дизель түлшинд олгодог төрийн татаасыг бууруулах маргаантай төлөвлөгөөгөө зогсоож, хүнд сурталтай бичиг баримтын бүрдүүлэлтийг бууруулж, байгаль орчны зохицуулалтыг хөнгөвчлөхөө амласан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францын тариаланчид Европын Холбооны газар тариалангийн шинэ зохицуулалтыг эсэргүүцлээ  
Үзсэн: 507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй