Шууд Chart

Кени улсад газ тээвэрлэгч машин дэлбэрч, гурван хүний аминд хүрчээ

2024-02-03 15:45:57

Орон нутгийн цагаар өнгөрсөн Пүрэв гарагийн 23:00 цагийн орчимд Кени улсын нийслэл Найроби хотод газ тээвэрлэгч машин дэлбэрчээ.

Ослын улмаас амь үрэгдсэн хүний тоо одоогоор гурав гэсэн мэдээлэл байна.

Мөн дэлбэрэлтийн ойр орчимд байсан 300 орчим иргэн бэртэж, гэмтжээ.

Одоогоор газ дэлбэрсэн шалтгааныг мөрдөн шалгаж байгаа, осол гарахад нөлөөлсөн хүмүүст хариуцлага тооцно гэж Кени улсын дэд Ерөнхийлөгч мэдэгдлээ.

Дэлбэрэлтийн ойр орчимд байсан байшин барилга, худалдаа үйлчилгээний захууд, машинууд их, бага хэмжээгээр сүйджээ.

Дэлбэрэлтийн улмаас гарсан гал хажуугийн орон сууцад ноцож байсныг дүрс бичлэгт буулгасан байна.

Дэлбэрэлт болсон Найроби хотын Эмбакаси дүүргийн цагдаагийн газрын даргын хэлж байгаагаар нас барсан гурван хүний нэг нь хүүхэд байжээ. Мөн амиа алдсан хүний тоо өсөх магадлалтай гэж мэдэгдлээ.

Бэртэж, гэмтсэн олон хүнийг эмчлээд гэрт нь буцааж байгаа ч 40 орчим хүн хүнд бэртэлтэй, одоо ч эрчимт эмчилгээний тасагт байгаа, хөнгөн бэртэлтэй 27 хүнийг дэлбэрэлтийн дараа газар дээр нь эмчлээд буцаасан гэж мэдэгдсэн байна.

Дэлбэрэлтийн шалтгааны тухайд, газ тээвэрлэгч машин газ түгээгүүрийн газар цилиндрүүдийг дүүргэж байхад гал алдаж дэлбэрсэн гэж Засгийн газраас нь анх мэдээлсэн байна.

Гэвч хамгийн сүүлийн үеийн байдлаар энэ мэдээллийг үгүйсгэж, газ тээвэрлэгч машин зогсоол дээр байхдаа дэлбэрсэн гэж мэдээллээ. 

Кенийн Эрчим хүч, түлшний зохицуулах газраас хүн ам, байшин барилга шигүү байдаг иймэрхүү суурьшлын бүсэд газ түгээгүүрийн газар барих нь хууль бус хэрэг, тэднийхийг энэ газар газ түгээгүүр барих зөвшөөрөл авахыг хүссэн ч удаа дараа үл хэрэгсэн зөвшөөрөөгүй. Гэвч ямар нэгэн аргаар энэ түгээгүүрийн газар баригдсан гэдэг байр суурийг илэрхийллээ.

Мөн тус газ түгээрийн газрын байгууламж аюулгүйн шаардлага огт хангаагүй гэж буруутгажээ.

Зөвшөөрөлгүй газар аюултай, барилга байгууламж барихыг зөвшөөрсөн авлигад идэгдсэн удирдлагуудаас болж ийм хэрэг гарч, гурван хүний амь нас эрсдэхэд хүрлээ гэж Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч нь байр сууриа илэрхийлсэн байна.

Мөн тус газ түгээгч компанийг хохирогчдын өмнө бүрэн хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кени улсад газ тээвэрлэгч машин дэлбэрч, гурван хүний аминд хүрчээ   
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-03 17:38
өмхий монгол хар африк хоёр л адилхан хариуцлагагүй юм шив дээ.

Бидэнтэй нэгдээрэй