Шууд Chart

АНУ Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд рүү дайралтаа үргэлжлүүлнэ гэв

2024-02-05 15:10:14

Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр АНУ-ын арми Ирак, Сири, Йемений нутаг дэвсгэр дээр орших Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд рүү пуужин харвасан. Цаашид Ойрх Дорнодын бүс нутаг дахь агаарын довтолгоогоо үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж Цагаан ордноос мэдэгдлээ. Өнгөрөгч долоо хоногт Иордан улсын нутаг дэвсгэр дээр байршдаг АНУ-ын цэргийн хуаран зэвсэгт бүлэглэлүүдийн дайралтад өртсөнөөс хойш энэ бүс нутгийн нөхцөл байдал нэлээд ширүүсээд байна. АНУ энэ довтолгооны хариуд Ирак, Сири дэх зэвсэгт бүлэглэлүүд рүү эхэлж агаарын довтолгоо явуулсан. Үүнээс нэг хоногийн дараа АНУ болон Их Британийн хамтарсан хүч Йемен дэх Хуситуудын 36 байршил руу довтолсон байгаа юм.

Өнгөрсөн оны 10-р сарын 7-ны өдөр Израил болон Палестины Хамас бүлгийн хооронд дайн эхэлснээс хойш бүс нутаг дахь олон улсын зөрчил мөргөлдөөн улам ширүүсэж байгаагийн жишээ АНУ болон Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүдийн хоорондох мөргөлдөөн болж байна гэж олон улсын агентлагууд үзэж байна. АНУ Израил-Хамасын дайн бүс нутагт тархахаас үргэлж сэрэмжилж байгаа гэсэн байр суурийг өнгөрсөн хугацаанд илэрхийлсээр байсан ч Иордан улсын нутаг дэвсгэр дээр орших цэргийн хуаранд нь халдаж, 3 цэргийн амь эрсэдсэнээр үндсэндээ улсынхаа эрх ашгийг заавал хамгаалж, хариу арга хэмжээ заавал авна гэдэг байр суурь руу шилжиж байгааг АНУ-ын Цагаан ордны аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан NBC агентлагт өгсөн ярилцлагаараа илэрхийллээ.

Жэйк Салливан АНУ-ын цагаан ордны аюулгүй байдлын зөвлөх “АНУ-ын ерөнхийлөгч Ойрх Дорнодын бүс нутагт дайн өргөжин тархаасай гэж хүсэхгүй хэвээр байгаа. Гэхдээ манай цэргийн хүч рүү халдан довтолбол хариу арга хэмжээ заавал авах ёстой гэсэн байр суурийг мөн илэрхийлсэн. Бид энэ дайныг эхэлсэн цагаас хойш бидэнд яаж хандана, адилхан хариу арга хэмжээ авна гэдгээ тодорхой илэрхийлсээр ирсэн. Өнгөрсөн Баасан гарагт эхлүүлсэн довтолгоо цаашдын бидний явуулах цэргийн хатуу арга хэмжээний эхлэл байх болно” гэж ярилаа.

Тэрээр Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд рүү чиглэсэн довтолгоо нь Хамас бүлгийн барьцаанаас гэмгүй иргэдийн суллуулах яриа хэлэлцээний үйл явцад саад болох ёсгүй, холбоо хамаарал ч байхгүй гэдгийг хажуугаар нь илэрхийллээ. Барьцааны иргэдийг суллуулахын тулд АНУ Египет болон Катар улсуудтай хамтарч шаргуу ажилласаар байгаа. Одоо бүх зүйл Хамасын тал хэлэлцээний нөхцөлийг хүлээн авч, тэдний талаас ямар алхам хийхээс шалтгаална гэж мэдэгдлээ. Бүс нутгийн сүүлийн үеийн нөхцөл байдалтай танилцахаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөн өчигдөр үдээс хойш Ойрх Дорнодын зүг хөдөлсөн гэсэн мэдээлэл байна. Тэгвэл Ираны дэмжлэгтэй бүлгүүдийн одоогийн баримталж байгаа байр суурь, явуулж байгаа ажиллагааны тухайд, Палестинчууд, Хамас бүлгийн талд гэдгээ харуулахаар Хезболла бүлэг гэхэд Ливан-Израилын хил дээрх Израилын армийн хүч рүү галласаар байгаа бол Иракийн зэвсэгт бүлэглэлүүд АНУ-ын Ирак, Сири дэх цэргийн хүч рүү, харин Йемений Хуситууд Улаан тэнгист зорчиж яваа Израилтай холбоотой гэж өөрсдийн үзсэн ачаа тээврийн хөлгүүд рүү халдсаар байна.

Ираны засгийн газар харин эдгээр бүлэглэлийн үйл ажиллагааны үр дагаврын талаар ямарваа нэг байр суурь илэрхийлэхээс татгалзсаар байна. АНУ-ын зүгээс Ираны засгийн газар ч ялгаагүй энэ дайн бүс нутагт өргөжин тэлээсэй гэж хүсэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна гэсэн байр суурь илэрхийлсээр байгаа. АНУ-ын арми мөн Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд рүү довтолж эхэлсэн ч яг Ираны нутаг дэвсгэр лүү халдан довтлохоос ямагт сэргийлж ирсэн байна.


Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд рүү дайралтаа үргэлжлүүлнэ гэв  
Үзсэн: 1205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
анус [127.0.0.xxx] 2024-02-06 00:15
ануст оролцохгүй юм гэж алгаа

Бидэнтэй нэгдээрэй