Шууд Chart

Европ даяар фермерүүдийн бослого хөдөлгөөн эрчимжиж байна

2024-02-05 15:24:23

Европ даяар фермерүүдийн бослого хөдөлгөөн улам эрчимжсээр байна. Өнгөрсөн долоо хоногийн хамгийн томоохон үйл явдлуудын нэг нь яахын аргагүй Францын фермерүүдийн трактортай бослого байсан. Фермерүүд засгийн газрын байрнуудын гадаа өтөг бууц асгах, хурдны зам дээр шороо асгаж, газар дээр нь үр тариалах зэргээр салбарт нь тохиолдоод байгаа асуудлыг эрх баригчдад ойлгуулах гоц арга хэмжээнүүдийг авсаар байна. Тэгвэл Францаас гадна Итали, Испани, Румын, Польш, Грек, Герман, Португал, Нидерланд, Швейцар зэрэг улсуудад мөн л фермерүүдийн бослого жагсаал өнгөрөгч долоо хоногоос эхлэн эрчимжлээ.

Газар тариалангийн аж ахуй нь Европын Холбооны Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 1,4 хувийг бүрдүүлдэг. Бусад эдийн засгийн салбартай харьцуулахад тийм ч том дүн биш боловч сүүлийн үед өрнөөд байгаа фермерүүдийн эсэргүүцэл хөдөлгөөн хөдөө аж ахуйн салбар Европ даяар ямар чухал салбар болохыг харуулж байна гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна. Фермерүүд уур бухимдлаа илэрхийлж байгаа шалтгаануудад, дундаж орлого тун бага, засгийн газрын хязгаарлалт зохицуулга хэт их, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хямд өртгөөр импортолдог зэргээс улбаалан энэ салбарынхан ажлаа эрхлээд хоолоо олж идэх боломжгүй болж байна гэдэг том асуудал болоод байгаа юм. Өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гарагт Бельгийн Брюссель хотноо Европын Холбооны удирдагчид хуран цугларч, Украины гишүүнчлэл болон Украинд үзүүлэх эдийн засгийн тусламжийн талаар хэлэлцсэн. Үүнтэй зэрэгцэн Европын фермерүүд чуулган болж байгаа парламентын ордны гадна хуран цугларч, өндөг шидэж, сигнал дуугарган, бамбар асаах зэргээр эсэргүүцлээ ил тод илэрхийлсэн байна. Эсэргүүцлээ илэрхийлж байгаа Бельгичүүд Нидерландын хил дээр мөн цугларч, хил нэвтрэх хөдөлгөөний саатуулсан гэсэн мэдээлэл байна. Яг тэр өдөр мөн Грек улсад трактортой фермерүүд улсынхаа хоёр дахь том хот болох Салоникид цугларч, хот руу орж гарах гол замуудыг хаасан байна. Португал улсад жагсагчид Испанийн хил рүү дөхөн урт жагсаал үүсгэсэн дүр зурагтай байна. Өнгөрсөн сард гэхэд Герман улсад 2024 оны хамгийн эхний трактортай жагсаал эхэлж, өвлийн хүйтэнд ч ажрахгүй жагсана гэдгээ илэрхийлж, Берлинийг бүсэлж байсан юм. Германд жагсаал эхлэхээс өмнө өнгөрсөн оны төгсгөлд Зүүн Европын Польш, Румын, Болгар улсуудад аль хэдийн фермерүүдийн жагсаал эхэлчихсэн байсан. Тэд Украинаас орж ирдэг үр тарианы импорт хямд байгаагаас дотоодын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, дотоодын аж ахуйн эрхлэгчид хүнд байдалд орж байна гэдэг шалтгаанаар анх жагсаал эхлүүлсэн. Дээр нь Орос-Украины дайны уршгаар газар тариалангийн салбарт ашиглагддаг эрчим хүч, бордоо, тээврийн үнэ өссөн нь эргээд фермерүүд зардлаа нөхөх боломжгүй болгож байгаад бухимдалтай байгаа юм. Германд гэхэд Канцлер Олаф Шольцын эвслийн засгийн газар 2024 оны төсвийн төсөлд дутсан хөрөнгийг босгохын тулд фермерүүдийг татаасаас чөлөөлдөг байсан системийг болиулна гэдэг санал дэвшүүлсэн нь бослого дэгдэхэд хүргэсэн. Улмаар Шольц энэ шийдвэрээ зөөлрүүлэх арга хэмжээ авах шаардлагатай болсон юм.

Хүрээлэн буй орчны асуудлууд мөн фермерүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг улам өдөөж байна. Өнгөрсөн онд хэт халалтын улмаас Европ даяар ой хээрийн түймэр, үер ус, ган гачиг гээд олон ч гамшиг нүүрлэсэн. Улмаар Европын Холбоо сэргээгдэх шинэ эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байгаа. Үүнийхээ хүрээнд хүлэмжийн хий ялгаруулах бүрд татвар оногдуулах, пестицидийг хориглох, азотын хийн ялгарлыг хязгаарлах, хөдөө аж ахуйн салбар дахь ус, газар ашиглаж, аж ахуй эрхлэх хэмжээг хязгаарлах зэрэг бодлогуудыг танилцуулсан нь фермерүүдийг эгдүүцэхэд хүргэсэн байна.

Хамгийн сүүлд гэхэд Бямба гарагт Швейцар улсын фермерүүд нийслэл Женев хотод жагсаж, эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдлээ. Тэд фермерүүд байхгүй бол бүх хүн ард өлсөнө гэж анхааруулж, хөдөө аж ахуй эрхлэгчдийн асуудал бусад бүх эдийн засгийн асуудлаас дээгүүрт тавигдах ёстой гэж шаардаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европ даяар фермерүүдийн бослого хөдөлгөөн эрчимжиж байна  
Үзсэн: 1464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй