Шууд Chart

ХБНГУ-д ажлын дөрвөн өдөртэй болох туршилтын хугацаа эхлэв

2024-02-05 15:36:27

Герман улсад энэ долоо хоногоос эхэлж ажлын дөрвөн өдөртэй болох туршилтын хугацаа эхэллээ. Герман улс ажиллах хүчний дутагдалд гүн орсон байгаа энэ цаг үед ажлын өдрийг багасгаснаар нааштай үр дүн гарна гэж найдаж байгаа юм байна. Туршилтын хугацаа 6 сарын турш үргэлжилнэ. Уг туршилтад улс даяар 45 компанийн ажилчид оролцоно гэсэн мэдээлэл байна.

Энэ туршилтыг Берлинд төвтэй Интрапренёр менежмент консалтинг групп олон улсын “Ажлын дөрвөн өдөр” засгийн газрын бус байгууллагатай хамтарч хэрэгжүүлж байгаа юм байна. Герман улсад ажлын цаг их, улмаар хөдөлмөрийн зах зээл дэх ажилчид урт хугацаанд үр бүтээмж муутай ажиллаж, стресстдэг нь эргээд ажлаас гарахад хүргэж, ажиллах хүчний хомсдолд хүргэж байна гэж тус группийнхэн үзсэн байна. Тиймээс ажлын дөрвөн өдөртэй болсноор ажилчид илүү эрч хүчтэй, аз жаргалтайгаар ажиллаж, хүний нөөцийн дутагдлыг арилгаж болно гэж үзэж байгаа юм байна. Герман улсад ажлын бүтээмжийг ажилласан цагт хувааж олдог. 2017 онд энэ тоо 105,2-т хүрч, бүх цаг үеийн хамгийн дээд бүтээмждээ очсон хэдий ч үүнээс хойш тогтмол унасан гэсэн тоон үзүүлэлт байна. Гэхдээ энэ нь Европын бусад эдийн засгуудтай харьцуулахад одоо ч өндөр үзүүлэлт хэвээр байгаа юм. 2023 оны 11-р сард гэхэд ажлын бүтээмжийн индекс 95,8 оноо болсон нь өнгөрсөн сард 96,8 байснаас буурсан үзүүлэлт болсон байна.

Тэгвэл ажлын дөрвөн өдрийн дэмжигчид болон зарим аль хэдийн туршаад эхэлчихсэн аж ахуйн нэгжүүд ингэж ажлын хугацааг багасгаснаар ажилтнуудын эрүүл мэнд, сэтгэл санаа огцом дээшилж, илүү үр бүтээлтэй болж байгааг батлан өгүүлж байгаа юм. Германд яг одоогийн байдлаар нарийн мэргэшсэн ажилчид шаардлагатай салбаруудад хүний нөөцийн дутагдалтай байгаа. Ажлын өдрийг нэг өдрөөр хорогдуулснаар чадварлаг ажилчдыг татах нэг болзол болно гэж харж байгаа юм байна. Өнгөрсөн онд хоосон байсан ажлын орон тоо хэдэн мянгаар тоологдсоны улмаас Герман улсын эдийн засаг 90 тэрбум еврогийн алдагдалтай байсан гэсэн судалгаа байна. Энэ нь тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувь гэсэн үг юм. Энэ алдагдлыг ажлын дөрвөн өдрийн тогтолцоо нөхөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч туршилтын хугацаа эхэлж байгаад олон иргэд баяртай байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж байна. Судалгаагаар энэ улсын нийт ажлын насныхны 71 хувь нь долоо хоногт дөрвөн өдөр ажиллах хүсэлтэй байгаа гэсэн дүн гарчээ. Харин ажил олгогчдын тухайд 60 гаруй хувь нь мөн энэ тогтолцоог дэмжиж байгаа гэсэн мэдээлэл байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ-д ажлын дөрвөн өдөртэй болох туршилтын хугацаа эхлэв  
Үзсэн: 1362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй