Шууд Chart

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлнэ.

2024-02-16 12:42:18

УИХ-аас баталсан Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль энэ оны эхнээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн.

Энэ хууль нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэж байна.

Мөн төр, хувийн хэвшил эрсдэлийн оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн таатай орчин бүрдүүлсэн юм.

Нийтийн зориулалттай дэд бүтэц гэж нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын доор, дээр байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг тодорхойлжээ.

Харин төрийн үйлчилгээ гэдэгт иргэдийн ая тухтай амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор дэд бүтэц, эрчим хүч, зам, тээвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл болон холбогдох бусад салбарт төрөөс иргэдэд тэгш, чанартай, үр ашигтай, хууль тогтоомж, стандартын дагуу үзүүлж байгаа олон нийтэд зориулсан үйлчилгээ хамруулж байна.

Харин төр, хувийн хэвшлийн түншлэл нь батлан хамгаалах, банк, санхүүгийн зах зээлийн бүх төрлийн үйлчилгээ, уул уурхайн салбарын дэд бүтцээр дамжуулан олон нийтэд үйлчилгээ үзүүлэхээс бусад ашиг олох зорилготой ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаанд хамаарахгүй байхаар хуульчилжээ.

Эдийн засаг, хөгжлийн яамны газрын дарга н.Анар ингэж ярилаа.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд "зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх”, “барих, ашиглах, шилжүүлэх", "барих, түрээслэх, ашиглах, шилжүүлэх" зэрэг нийт 9 төрлийн гэрээг нэр заан хуульчилсан байна.

Түншлэлийн санхүүжилт нь нэгдүгээрт түншлэлийн төслийн зардлыг хэрэглэгчийн төлбөр, хураамж болон төслийн орлогоор санхүүжүүлэх, хоёрдугаарт түншлэлийн төслийн зардлыг түншлэлийн гэрээнд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх, гуравдугаарт дээрх хоёр төрлийг хослуулсан байдалтай байх юм.


Төр, хувийн хэвшлийн түншлэлийг нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлнэ.  
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй