Шууд Chart

АТГ: Хэрэг бүртгэлтийн 20 хэрэг шинээр нээв

2024-02-20 09:44:33

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 2 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 850 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 835 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэргийн шинжтэй 1 гомдолд 2 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

- Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын удирдах албан тушаалтан “П”, албан тушаалтан “Э” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

- Баянгол дүүргийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгч “Э” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;

- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “Б”, “З”, “М” нар хахууль авсан гэх;

- Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх;

- “Х” нь Хөдөө аж ахуйн их сургуулийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн байгууллагад хохирол учруулсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.


АТГ: Хэрэг бүртгэлтийн 20 хэрэг шинээр нээв  
Үзсэн: 216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй