Шууд Chart

“Багануур” ХК-д ажиллаж, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ

2024-02-25 13:59:36

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Багануур дүүрэгт ажиллах үеэрээ “Багануур” ХК, “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Багануур Дулааны станц” ТӨХК-ийн удирдлагуудтай албаны уулзалт хийж, цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг авч, тулгамдаад буй асуудлуудын талаар хэлэлцлээ.
 
“Багануур” ХК нь олон жил хуримтлагдсан өр төлбөр, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, ажилчдын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын өр төлбөрийг барагдуулах, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай авах арга хэмжээнүүдийг Шадар сайдад танилцууллаа.
 
Үүнд, гарч буй зардлыг нөхөх хэмжээнд борлуулалтын үнийг нэмэгдүүлэх, цахилгаан станцуудын өр төлбөрийн асуудлуудыг шийдвэрлэх, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, компанийн өр төлбөрийн эргэн төлөлтийг хойшлуулах саналыг тавилаа. Мөн “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Багануур Дулааны станц” ТӨХК-ийн удирдлагууд ижил санал оруулсны сацуу цахилгаан, дулааны тарифыг нэмэгдүүлэх саналаа илэрхийллээ. Эрчим хүчний салбарын найдвартай үйл ажиллагааг явуулахад үнэ, тарифыг зах зээлийн зарчмаар нь чөлөөлж байж дээрх тулгамдаад буй асуудлуудаас гарах гарцыг илэрхийлсэн юм.
 
Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр дээрх компаниудын удирдлагуудтай санал нийлж буйгаа илэрхийлээд “Эрчим хүчний салбарын ачаалал цаашид улам нэмэгдэх учраас шаардлагатай арга хэмжээнүүдийг авах талаар саналаа Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулах тал дээр анхаарч ажиллана” гэлээ.
 
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба

 


“Багануур” ХК-д ажиллаж, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ  
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй