Шууд Chart

Долоогийн бүлэг ОХУ-ын царцаасан хөрөнгийг Украинд шилжүүлэх тухайд зөрчилдөв

2024-02-29 16:30:58

Долоогийн бүлгийн орнуудын сангийн сайд нар энэ долоо хоногт Бразил улсын Сао Паоло хотод уулзаж хэлэлцэж байна. Тэд хэд хэдэн олон улсын геополитикийн асуудлыг эдийн засгийн түвшинд хэлэлцэж байгаагаас гадна бас нэгэн онцлох сэдэв болох ОХУ-ын царцаасан хөрөнгийг хэрхэх талаар мөн саналаа дор бүрнээ хуваалцаж байна. АНУ-ын сангийн сайд ОХУ-ын царцаасан 300 тэрбум орчим долларын хөрөнгийг валют болгон ашиглах нь олон улсын хуулинд харшлахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн нь Долоогийн бүлгийн зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна.

Өдгөөгөөс яг хоёр жилийн өмнө ОХУ Украин руу гэнэт халдан довтолж, дайн эхэлсний дараа 300 тэрбум долларын үнэ бүхий ОХУ-ын хөрөнгө Европын Холбооны банкинд царцаж үлдсэн юм. Энэ хөрөнгийг хэрхэх талаар түүнээс хойш Европын Холбоо, Хорийн бүлэг зэрэг олон улсын томоохон холбоодын түвшинд хэлэлцсээр байна. Тэгвэл ОХУ-ын царцаасан хөрөнгийг Украинд мөнгөн тусламж болгон шилжүүлэх асуудал мөн яригдсаар байна. ОХУ-ын зүгээс мэдээж энэ асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, хэрвээ Оросын царцаасан хөрөнгийг Украинд шилжүүлбэл хариу арга хэмжээ нь үнэлж баршгүй байх болно гэсэн мэдэгдлийг Оросын Холбооны зөвлөл гаргасан. Энэ долоо хоногт Бразилд болж байгаа Хорийн бүлгийн болоод Долоогийн бүлгийн сангийн сайд нарын уулзалтын үеэр Францын сангийн сайд Брюно Ле Мэр ОХУ-ын царцаасан хөрөнгийг Украинд шилжүүлэх асуудлыг олон улсын хэм хэмжээнд нарийн захирагдаж шийдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлээд байна. Тэр тусмаа энэ шийдвэрийг дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч Хорийн бүлгийн орнуудын бүх гишүүн орнууд дэмжиж байж хэрэгжүүлэх эсэх нь шийдэгдэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Хорийн бүлгийн орнуудад энэ шийдвэрийг эсэргүүцэх нь ойлгомжтой ОХУ болон БНХАУ мөн багтдаг. Энэ ч утгаараа царцсан хөрөнгийг цэргийн тусламж болгох асуудал Долоогийн бүлгийн түвшинд яригдаж шийдэгдэх боломжгүй зөрчилдөөн дагуулсан асуудал болж байна гэж олон улсын агентлагууд бичиж байна.

Тэд ирэх 6-р сар гэхэд энэ хөрөнгийг хэрхэх тал дээр шийдвэрт хүрнэ гэж амлаад байгаа юм. АНУ-ын сангийн сайд Жанет Йеллений зүгээс бол ОХУ-ын царцсан хөрөнгийг эргэлтэд оруулж ашиглах нь олон улсын хэм хэмжээнд харшлахгүй, мөн дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг бодсон ч, ёс суртахууны хувьд ч ашиглах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Орос Украины дайн эхлээд хоёр жил өнгөрөхөд Украины хувьд эдийн засгийн асар их хүндрэлүүд тулгараад байгаа. Украинд туслах тал дээр дэлхийн улс орнууд олон янзын арга замыг олон талын байр сууриас хэлэлцсээр байна. Хэдий ОХУ-ын царцаасан хөрөнгийг Украинд шилжүүлэх асуудал Долоогийн бүлгийн хэмжээнд зөрчилдөөн үүсгэж байгаа ч тус бүлгийн зүгээс нийтэд учруулсан хохирлынхоо төлөө Москва төлөөс төлөх ёстой гэсэн байр суурин дээр бол нэгдсэн гэдгийг олон улсын эх сурвалжууд мэдээлж байна.

Царцаасан хөрөнгийг хэрхэх асуудлыг 2022 онд Европын Холбоо эрчимтэй хэлэлцэж байсан. Түүнээс хойш энэ асуудал хэсэг намжаад байсан юм. Өнгөрсөн онд АНУ Украинд 61 тэрбум долларын тусламж үзүүлэх талаар төсвийн хуулийн төсөл АНУ-ын хууль тогтоох байгууллагын түвшинд хэлэлцэгдсэн ч Бүгд Найрамдахчууд олонх нь болсон Төлөөлөгчдийн танхим энэ төсвийн хуулийн төслийг эсэргүүцсэнээр үндсэндээ Украины эдийн засгийн тусламж хэрхэх нь тодорхойгүй болж, дахин ОХУ-ын царцаасан хөрөнгийн асуудал эрчимтэй хөндөгдөж эхэллээ гэж олон улсын агентлагууд бичжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Долоогийн бүлэг ОХУ-ын царцаасан хөрөнгийг Украинд шилжүүлэх тухайд зөрчилдөв  
Үзсэн: 1077 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-03 19:42
Энэ тв үзэхгүй дээрэлхүү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-02 19:41
Украин улсыг эвдэн сүйтгэснийхээ төлөө Орос төлөөс төлөх ёстой боловч чухам энэ мөнгийг зарцуулах нь маш их зөрчилдөөн дагуулах байх гэж бодож байна

Бидэнтэй нэгдээрэй