Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2014-08-23 06:21:28

Өнгөрсөн долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин төрийн айлчлал хийлээ. Тэрээр гэргий Пөн Ли-Юань болон дагалдан яваа хүмүүсийн хамт Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр пүрэв гарагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм.

Тэднийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, албаны бусад хүмүүс угтан авч, хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлсэн. БНХАУ-ын дарга Си Зиньпин гэргий Пөн Ли-Юань нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар Чингисийн талбайд угтаж авснаар Си Зиньпиний манай улсад хийх айлчлал албан ёсоор эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар албан ёсны хэлэлцээ хийж, гарын үсэг зурлаа. Хэлэлцээний эхэнд БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн айлчлалаас 11 жилийн дараа Хятад улсын дарга Монгол Улсад дахин төрийн айлчлал хийж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон дурдаж байв. БНХАУ-ын дарга Си Зиньпин хариу хэлэхдээ хэдийгээр Монгол Улсад хоёрхон хоног айлчилж буй ч гарах үр дүн нь асар их байгааг онцлосон юм. Албан ёсны хэлэлцээний үр дүнд хоёр тал ЭДГЭЭР   баримт, бичигт гарын үсэг зурлаа. 

Айлчлалын эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийсэн. Төрийн айлчлалын хоёр дахь өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын гишүүдийн хамтаар БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзсан. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын даргад бараалхсан. Үүний дараа айлчлалын хөтөлбөрийн дагуу БНХАУ-ын дарга Си Зиньпин УИХ-ын Хүндэтгэлийн чуулганд үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ УИХ-ын дарга З.Энхболдыг БНХАУ-д албан ёсоор айлчлахыг урилаа. БНХАУ-ын дарга "Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эргэн харахуйд" сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцож, гэргийн хамтаар “Бэсрэг наадам” үзэж сонирхлоо. БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал баасан гарагт өндөрлөсөн. 

Төрийн энэ түүхэн айлчлалыг билэгдэж “Монгол Шуудан” ТӨХК Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын зурагтай шинэ марк худалдаанд гаргалаа.

Хичээлийн шинэ жилийг угтаж зарим замын засвар, шинэчлэлийн ажилтай уялдуулан үүсч болзошгүй замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор наймдугаар сарын 22-31-нийг дуустал бүтэн өдрийн туршид 500 төгрөгөөр нийтийн тээврээр үйлчлүүлэх шинэ үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлэх болсон. Энэ арга хэмжээ өнгөрсөн долоо хоногоос эхэллээ. Тодруулбал, иргэд наймдугаар сарын 22-31-ний өдрүүдэд 500 төгрөгийн нэг тасалбараар тухайн өдөртөө нийтийн тээврийн том, жижиг автобус,  төмөр замын RAILBUS-аар хэдэн ч удаа сэлгэлт хийн зорчих боломжтой болж байгаа юм. Арван өдөрт зорчих өөр, өөр өнгийн тасалбаруудыг автобусны буудал болон автобусанд борлуулж байна. Иргэд нэг тасалбар худалдан авч Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг том, жижиг оврын автобусны 24 компанийн автобус, микрогоор үйлчлүүлэх боломжтой юм. Мөн эдгээр автобусууд нь цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний чиглэлд 80 автобус 2 минутын зайтай, Сэлбэ-Зайсангийн чиглэлд 40 автобус 3 минутын зайтай, Чингэлтэй дүүрэг-Тэц-3-ын чиглэлд 30 автобус 7 минутын зайтай, Нисэх-Дүнжингаравын чиглэлд 20 автобус 8 минутын зайтай гэх зэргээр иргэдэд үйлчлэх нарийн цагийн хуваарийг нийслэлийн Тээврийн газраас гаргажээ. Эдгээр автобусууд нь нэг зорчигчтой байсан ч цагийн хуваарийн дагуу дараагийн буудал руу явж үйлчлэх аж.

Онцлох дараагийн мэдээ мөн нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний  ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” А/714 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу энэ сарын 22-ноос наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал 07-21 цагийн хооронд  автомашины улсын дугаарын сүүлчийн орон  тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд хөдөлгөөнд оролцуулахаар түр зохицуулалт хийж эхлээд байна. 

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хөнгөн шуурхай болгох, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор УБЕГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай иргэний бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг анхан шатны нэгжээс үзүүлэхээр тохиролцож, хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулсан. Энэ ажлын хүрээнд нийслэлийн хороодод шилжилт хөдөлгөөний, иргэний байнгын оршин суугаа газрын бүртгэл, төрсний гэрчилгээний нөхөн олголтыг хийж байсан бол өнгөрсөн долоо хоногоос эхлэн гэрлэлт, гэрлэлт цуцлалт /шүүхийн журмаар/, гэрлэлт сэргээлт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголтын бүртгэлийг хийхээс гадна иргэний үнэмлэхийн, оршин суугаа хаягийн лавлагааг олгох үйлчилгээнүүдийг нэмж үзүүлэхээр боллоо.
Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд хийгдэж байгаа ажил болон нийтлэл, мэдээллийг “Халхын гол-75”  булангаас уншаарай.

Олон жилийн дундажтай харьцуулахад энэ жил бороо хур элбэг, гол усны түвшин ч нэмэгдсэн хэвээр байна. Энэ зуны хувьд Онцгой байдлын албанд иргэдээс ирсэн ихэнх дуудлага үер, гол устай холбоотой байжээ. Онцгой байдлынхан энэ зун 164 эрдэнэт хүний амь насыг уснаас авран хамгаалсан таатай мэдээ байна. Гэсэн ч анхаарал болгоомжгүйгээс гол усанд осолдсон хүний тоо 77-д хүрсэн байна. Үүний 14 нь хүүхэд аж. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор хот руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгдсэн. Иргэд баталгаатай зам, гүүрээр зорчих, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашин техникээр зорчиж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол ус руу явуулахгүй байх, голын эрэг дагуу тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж болзошгүй эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Нигери, Гвиней улсад Эбола цусархаг халууралт халдварт өвчин дэгдээд байгаа билээ. Монгол Улсаас өвчний тархалт өндөр байгаа орны нэг болох  Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу нийт 12 иргэн зорчиж эх орондоо эргэн ирсэн мэдээ байна. Эдгээр иргэнийг улсын хилээр шалган нэвтрүүлэхэд уг өвчнөөр халдварласан эсэх талаар ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй бөгөөд холбогдох байгууллагууд иргэдийн биеийн байдлыг  үргэлжлүүлэн хянаж буй аж. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас халдварт өвчний тархац буурах хүртэл уг өвчин бүртгэгдсэн бүс нутгийн иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байна. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлэх чиг үүргийнхээ хүрээнд иргэдэд уг өвчин бүртгэгдсэн бүс нутаг, улсад зорчихоос зайлсхийж, холбогдох улсын иргэдийг урихгүй байхыг зөвлөлөө.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 3323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-08-25 10:17
onoodor sondgoi toogoor togsson mashinuud ywah ni ee
202.170.67.xxx [202.170.67.xxx] 2014-08-25 08:37
Дэлхийн төгсгөл ойртож байна. Дараах Монгол тайлбартай видеоноос дэлгэрэнгүй үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=2KAUrK1H20U&list=UUgJM-fyShNy-2dZ5WZJjq6w
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-08-24 14:08
iim 7 honog ongorchee. neleen ih uil ywdal ongorson 7 honogt bolson bna sh dee. taalagdlaa
98.239.141.xxx [98.239.141.xxx] 2014-08-23 06:35
Undesnii hemjeenii olin niitiin gants site n toimloh ontsloh 2 oo ylgamaariiin.

Бидэнтэй нэгдээрэй