Шууд Chart

Айл өрх, албан байгууллага бүр орчны 50 м талбайгаа цэвэрлэн, хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна

2024-04-07 11:38:14

Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй. Уг ажил энэ амралтын өдрүүдэд илүү эрчимжин, УБЗАА, дүүрэг, хороодын аж ахуйн нэгж байгууллагууд, СӨХ, их дээд сургуулийн оюутан залуусыг хамран, өргөн хүрээнд үргэлжилж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ амралтын өдрүүдэд эрчимтэй үргэлжилж байна. Цаашлаад хагас сайн өдөр бүр бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмолжуулна. Өнөөдрийн байдлаар УБЗАА-ны гэрээт 34 байгууллага 9000 ам метр талбайн цэвэрлэгээг хийлээ. Үүнээс гадна дүүргүүд өөрсдийн хариуцсан нийтийн эзэмшлийн зам талбай, хөшөө дурсгал, автобусны буудлын фасад, сандал, хогийн сав зэргийг цэвэрлэж байгаа. Өмнө нь тоос шороо босгон шүүрдэж цэвэрлэдэг байсан бол энэ жил тусгай зориулалтын багаж, бодис ашиглан чийгтэй цэвэрлэгээ хийж байгаа. Ингэснээр дөрвөн хүний ажлыг хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэн, бүтээмж нэмэгдэж байна. Айл өрх, албан байгууллага бүр орчны 50 м талбайгаа цэвэрлэн, СӨХ-дыг хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг уг арга хэмжээ нь мэргэжлийн байгууллагуудын ажлыг эрчимжүүлэхээс гадна Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлтэй хамтран СӨХ-дыг үүрэгжүүлж, иргэдийн идэвх оролцоог ханган, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийн, цаашид хэвшил болгон зохион байгуулж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх зорилготой.

Тухайлбал, Баянгол дүүргийн 34 хороо, 303 СӨХ, 2560 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээ, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээ, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан байгууллагууд, ногоон байгууламж, зам талбайн үйлчлэгч нар, 18 их, дээд сургуулийн 850 оюутан залуус энэ удаагийн их цэвэрлэгээнд оролцож буй. Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх 55 км нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай,  46 автобусны буудал, хаяг, хаягийн байгууламж, шилэн фасад,  997 метр хайс хашлага, 150 хогийн сав, сандал, замын тэмдэг, тэмдэглэгээ, зургаан хөшөө дурсгалт талбай угааж, цэвэрлэгээний үед гарсан 178 тонн хог хаягдлыг тээвэрлэсэн байна. Мөн 51 км авто замд тоосжилт, бохирдол бууруулах усалгаа хийж, зүлэгт талбайн самналт цэвэрлэгээг хийлээ.

Харин Баянзүрх дүүргийн 43 хороо, 350 СӨХ, 3210 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээ, хог хаягдал тээвэрлэлт, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан байгууллагууд, сайн дурын байгууллага, клубийн нийт 21,263 хүн “Хаврын их цэвэрлэгээ”-нд нэгдээд буй. Ийнхүү дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай, автобусны буудал, хаяг, хаягийн байгууламж, шилэн фасад, хайс хашлага, хогийн сав, сандал, замын тэмдэг, тэмдэглэгээ, хөшөө дурсгал угаан, хог хаягдал цэвэрлэж байна. Түүнчлэн гэрэлтүүлгийн самбар, таг нь эвдэрсэн гэрэлтүүлгийн шонг шинэчлэн, 462 м кабелийн утас засварлажээ.  Мөн 48 км авто замд тоосжилт, бохирдол бууруулах усалгаа хийлээ.

Энэ мэтчилэн дүүрэг бүр өөрсдийн эзэмшлийн хог тээвэр болон зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, сууц өмчлөгчдийн холбоо болон иргэд нийтийн эзэмшлийн гудамж зам, орчны 50 метр хүртэлх талбайг цэвэрлэн, барилгын хана, фасадыг угааж буй юм.


Айл өрх, албан байгууллага бүр орчны 50 м талбайгаа цэвэрлэн, хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна  
Үзсэн: 432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй