Бельгийн зүүн хэсэгт дэгдсэн ой хээрийн түймэр 3000 орчим га талбайг хамарч, тус улсын бүртгэгдсэн түүхэн дэх хамгийн том түймэр болоод байна. Гал Германы хилийн чиглэлд тархаж байгаа тул Бельги болон хөрш орнууд гал унтраах хүч, техникээ нэмэгдүүлжээ.
Түймэр наймдугаар сарын 14-нд Льеж мужийн Германтай хил залгаа Өндөр Фенсийн байгалийн нөөц газарт дэгдсэн байна. Хүчтэй салхи, хуурайшилтын улмаас гал богино хугацаанд эрчимтэй тархаж, өмнөх 24 цагийн дотор хамарсан талбай нь хоёр дахин нэмэгджээ.
Түймрийн улмаас Ваим, Бютгенбах орчмын 600 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд жуулчдыг ч аюултай бүсээс гарахыг зөвлөсөн байна. Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг түр байрлуулах төвүүдийг ажиллуулжээ.
Галтай тэмцэх ажиллагаанд Бельгийн гал сөнөөгчид, цагдаа, арми, иргэний хамгаалалтын алба болон нутгийн фермерүүд оролцож байна. Мөн Герман, Люксембургийн гал сөнөөгчид дэмжлэг үзүүлж, Нидерланд болон Европын бусад орноос нисдэг тэрэг, гал унтраах агаарын хөлөг илгээжээ.
Галын голомт Германы хил рүү ойртсонтой холбоотойгоор Германы Моншау хотын хил орчмын зарим оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна. Гэхдээ Бельгийн албаныхан түймэр Германы нутаг дэвсгэрт заавал нэвтэрнэ гэж үзэхгүй байгаа бөгөөд хил орчмын галын фронтыг тогтоон барихад гол хүчээ төвлөрүүлжээ.
Энэ удаагийн түймэр Бельгийн өмнөх дээд үзүүлэлтийг хоёр дахин давсан байна. Европын ойн түймрийн мэдээллийн системийн тооцоогоор 2011 онд 1400 орчим га талбай шатсан нь өмнөх хамгийн том түймэрт тооцогдож байжээ. Харин энэ удаагийн гал 3000 орчим га талбайг хамраад байна.
Европын хэд хэдэн улс энэ зун хэт халалт, хуурайшилтын улмаас томоохон ой хээрийн түймэртэй тэмцэж байгаа бөгөөд Бельгиэс гадна Герман, Франц, Грек, Испани зэрэг улсад галын эрсдэл өндөр хэвээр байна.
| Бельгийн түүхэн дэх хамгийн том ой хээрийн түймэр Германы хил рүү тархаж байна | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.