Шууд Chart

Хүүхэд, залуучуудын театр албан ёсоор нээгдлээ

2024-04-25 18:36:58

Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олон улсын стандартад нийцсэн, 850 хүний багтаамжтай шинэ театр албан ёсоор нээгдлээ.

Энэхүү театр нь хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих төдийгүй соён гэгээрлийн олон талт үйл ажиллагаа явуулах төв болох юм. Үүнд номын сан, кафе, дугуйлан, сургалтын үйлчилгээ багтах юм.

Анх 1951 онд Хүүхдийн төв театр нэртэйгээр байгуулагдаж, 1967 онд Хүүхэд залуучуудын театр болгон өргөжүүлэн ажиллаж байсан ч 1997 онд хувьчлагдсанаар үйл ажиллагаагаа зогсоож улмаар улсын хэмжээнд хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих театргүй болоод байсан юм. 2021 оны 6-р сард Засгийн газрын хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд Хүүхэд, залуучуудын театрыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж, ийнхүү нээгдлээ.

Энэхүү театр нь Сонгинохайрхан дүүргийн 341 мянган иргэний төдийгүй нийт Монгол Улсын хүүхэд, залуучуудын оюуны хөгжил, гоо зүйн боловсрол, дэлхийн театр урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагийг өвлөн уламжлуулах, уран сайхны олон талт чиг хандлагыг танин мэдэх боломжийг нээж, бүх нийтийн соёлын боловсролыг дэмжих, хамтдаа сурч, хөгжих соёлын орон зай болох юм гэж Соёлын яамнаас мэдээллээ.

 

Хүүхэд, залуучуудын театр албан ёсоор нээгдлээ  
Үзсэн: 587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй