Шууд Chart

ДЭМБ: Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас хариу арга хэмжээг шуурхай авч ажиллаж, бусад улс орнуудад үлгэр жишээ болсон

2024-04-29 17:07:37

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Мау Пиукала манай улсад айлчлах үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.
Бүсийн захирал Др. Пиукала 2023 онд Ази, Номхон далайн парламентчдын Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх форумд оролцох үеэрээ Монгол Улсад зочилж байсан бөгөөд хөдөө орон нутагт, нэн ялангуяа хөдөөгийн алслагдмал багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж буйтай газар дээр нь танилцсан юм. Тэрбээр энэ удаад Номхон далайн баруун бүсийн захирлын хувиар манай улсад анх удаагаа айлчлал хийж байгаа бөгөөд ийнхүү эрүүл мэндийн 2, 3 дугаар шатлалын тусламж үйлчилгээтэй танилцсан юм.
 
Уулзалтаар Шадар сайд С.Амарсайхан “Дэлхий дахины хамарсан “Ковид19” цар тахлын үеэр Монгол Улсын Засгийн газар дотооддоо эрүүл мэндийн тогтолцооныхоо бэлэн байдлаа нэмэгдүүлж, бүх салбарын хариу арга хэмжээ авах чадавхийг сайжруулах стратеги баримталж ажилласан. Хүнд хэцүү тэр цаг үед ДЭМБ, тэр дундаа Номхон далайн баруун бүсийн удирдлага, мэргэжил арга зүйн дэмжлэгээр бид цар тахлын 4 давалгааг хохирол багатай даван туулсан гэдгийг хэлэхэд талархууштай байна” хэмээгээд өнгөрсөн хугацаанаас сургамж, мэдлэг авах зүйлс их байсан тул Монгол Улсын Засгийн газраас хүн амынхаа эрүүл мэндийн мэдлэгийг сайжруулах, хавдарыг эрт илрүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд “Эрт илрүүлэг, үзлэг оношлогоо”-г сүүлийн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж, нийт хүн амын 40,6 хувийг тус үзлэг оноглогоонд хамруулаад байна” гэлээ.
 
Энэ үеэр Др. Пиукала “Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас хариу арга хэмжээг шуурхай авч ажиллаж, бусад улс орнуудын хувьд үлгэр жишээ болсон. Тухайн үед Монгол Улсын Засгийн газраас ард иргэдээ дархлаажуулалтад шуурхай хамруулахаас гадна Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахыг 3 сарын дотор барьж ашиглалтад оруулсан зэрэг ажлуудад үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Энэ бол маш сайн ажил болсныг ДЭМБ-аас дүгнэж байсныг дуулгахад таатай байна. Энэ удаад ч би Монгол Улсад ирсэн дариудаа 2, 3 дугаар шатлалын эмнэлгүүдэд ажиллаж, эмчилгээ үйлчилгээтэй нь танилцлаа. Энэ үеэр бид Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүд, нярайн чиглэлээр лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлээд зогсохгүй мэргэжлийн чиглэлээр дадлагажигч эмч нарыг сургадаг сургалт эрхэлдэг байгууллага болохын хувьд цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран эдгээр болон бусад чиглэлээр эрүүл мэндийн мэргэжилтний тасралтгүй сургалтыг явуулах бүрэн боломжтой төв болохыг анзаарлаа. Энэ бол маш сайн хэрэг” гэсэн юм.
 
Шадар сайд С.Амарсайхан УИХ, Засгийн газраас баримталж буй Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, ажилтан албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг бодлогыг ДЭМБ-ын хамт олон дэмжин ажиллахыг хүслээ хэмээн Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

ДЭМБ: Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас хариу арга хэмжээг шуурхай авч ажиллаж, бусад улс орнуудад үлгэр жишээ болсон  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй