Шууд Chart

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

2024-05-01 08:58:13

Цаг уурын гаргасан мэдээллээр зуны саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна.

Харин төв болон зүүн аймгуудын нутгаар харьцангуй сэрүүн, тунадас ахиу орох магадлалтай байгаа тул дулааны улиралд гэнэтийн үер ус, гол мөрний түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжилж, эртнээс арга хэмжээ авахыг анхааруулж байна. 

Зургаадугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн ихэнх, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин хур тунадас Төвийн ихэнх, Сэлэнгийн зүүн, Дундговь, Дорноговийн хойд хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.  

Долоодугаар сарын агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байх бол хур тунадас Завханы зүүн, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Наймдугаар сарын агаарын дундаж температур, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх ерөнхий төлөв гарчээ.


Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв  
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй