Шууд Chart

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ

2024-05-22 10:48:43

ОХУ-ын Сөрөг хүчний идэвхтнүүд Тимур Ивановын худалдан авсан дарвуулт онгоц, тансаг хэрэглээний эд зүйлс болон Францад өнгөрүүлсэн амралт зэргийг олон нийтэд мэдэгдээд байна.

Оросын батлан хамгаалахын хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг болох Тимур Ивановыг авлигын хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд цагдан хорьсон бөгөөд түүнийг тансаг хэрэглээний зардлаа армийн төсвөөс гаргасан хэмээн прокурорууд буруутгажээ.

Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг аюулгүй байдлын албаныхан баривчилж, лхагва гарагийн өглөө Москвагийн шүүхэд ирсэн нь Орос Украинд цөмрөн орсноос хойш шоронд хоригдсон хамгийн өндөр албан тушаалтан болов.

Мөрдөн байцаагчид түүнийг цэргийн бүтээн байгуулалтын төслүүдийг удирдаж байхдаа “их хэмжээ"-ний хахууль авсан гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Түүний гэм буруутай нь нотлогдвол 15 жил хүртэл хорих ялаар шийтгэгдэх юм.

Оросын хууль сахиулах байгууллагын ажилтан ТАСС агентлагт мэдээлснээр, Ивановыг нүдээр харсан гэрчүүдийн мэдүүлэг болон гүйцэтгэх ажиллагааны явцад олж авсан мэдээлэлд үндэслэн хахууль авсан хэрэгт сэжиглэж байгаа гэв.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд орлогчийг нь баривчлахыг урьдчилан анхааруулсан талаар Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд өгсөн байна.

Үүний зэрэгцээ орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр Иванов нь Мариуполь хотын барилгын ажлыг хариуцаж байсан ба өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгийн “эзэнт гүрэн”-ийг бий болгосон гэх мэдээлэл цацагджээ.

Хоёрдугаар сард Арктикийн шоронд нас барсан Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн холбоотнууд 2022 онд мөрдөн байцаалтын явцад батлан хамгаалахын ажилтан эхнэртээ хэдэн сая доллар шилжүүлсэн бөгөөд эхнэр нь тансаг дарвуулт онгоц, үнэт эдлэл худалдан авч, дэлгүүр хэсэхэд зарцуулсан гэж мэдээлж байжээ.

Ивановыг баривчилсан тухай мэдээлэлд Навальныйгийн үүсгэн байгуулсан Авлигатай Тэмцэх Сангийн тэргүүн Мария Певчих олон нийтийн сүлжээнд "Өнөөдөр сайхан өдөр байна" хэмээн бичжээ.

Эх сурвалж: https://www.politico.eu


ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ  
Үзсэн: 281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй