Шууд Chart

ЭЗБХ: УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

2024-07-09 15:52:10

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14 цаг 59 минутад гишүүдийн 68 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Байнгын хорооны хуралдааныг даргалан явууллаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулга хийж, Улсын Их Хуралд суудалтай намуудын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нам, эвслээс сонгогдсон гишүүдийн тоог харгалзан Байнгын хороодыг хуваарилсан талаар мэдээлэл өглөө. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван Байнгын хороог удирдан ажиллахаар болсон байна. Үүний дагуу УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг  Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгох тухай асуудлыг танилцуулан хэлэлцүүлэв. 

Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс УИХ-ын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Д.Энхтүвшин, Ж.Ганбаатар нар уул уурхайн салбарын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарах, хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлогыг тодорхойлох, өмчийн эрхэд халдаж буй зохицуулалтуудыг тодорхой болгох, дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалт хийх хувийн хэвшлүүдийг дэмжих, Байнгын хорооны үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллах зэрэг асуудлыг хөндөн үг хэлж, нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Р.Сэддоржид амжилт хүслээ.

Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг сонгохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон УИХ-ын 17 гишүүний 88.2 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм. 

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүн:

  1. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал
  2. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн
  3. УИХ-ын гишүүн Э.Батшугар
  4. УИХ-ын гишүүн М.Мандхай
  5. УИХ-ын гишүүн Л.Соронзонболд
  6. УИХ-ын гишүүн М.Энхцэцэг
  7. УИХ-ын гишүүн П.Батчимэг
  8. УИХ-ын гишүүн Б.Жаргалан
  9. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл
  10. УИХ-ын гишүүн А.Ундраа

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг дагнан хариуцах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


ЭЗБХ: УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ  
Үзсэн: 451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй