
Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.
- * -
Ёс суртахуун бол хуулиас илүү хүчтэй
Нэгэнтээ Монгол Улсын гавьяат хуульч С.Нарангэрэл “Эрхэм чанараа сайтар сахидаг, өндөр ёс суртахуунтай хүнд хуулийн хэрэг гэж байхгүй. Ёс суртахуун бол хуулиас илүү хүчтэй” гэж хэлсэн нь та бидний өдөр тутмын амьдралд тохиолдож байгаа зүйл бөгөөд хүний мөн чанар, нинжин сэтгэл, бие биенээ гэх халуун дулаан хайр, нийгмийн ороо бусгаа амьдрал, хүний хөгжлийн төлөөх бодлогоо гээсэн төр засгийн буруугаас болж олон гэр бүл салж сарнин, үр хүүхэд өнчрөн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх талбар болж буйг нүдээрээ харж буй биз ээ.
Хүний амьдралын нэгэн үе улирч нийгмийн өөрчлөлт шинэчлэлт ч уламжлалт гэр бүлийн амьдралыг чухалчлахаа больж аль болох өөрийгөө бодсон, дөрвөн хана, дугуй гэрийнхээ дотроос үл гарах бодлого нь өнөөдөр хүмүүсийн ёс суртахуунлаг, зөв явдал, зөөлөн сэтгэлийг үгүй болгож эцэг, эхчүүдийг ажлын мал, мөнгөний боол болгосон нь ирээдүйгээ баллах эхлэл болж буйг та бид өнөөдөр олж харж чадсан нь сайшаалтай.
Тиймээс хүний мөн чанар, ёс суртахуунаа гээсэн хүмүүсийн үйлдэл ямархуу гай гамшиг, үйлдэл дагуулдгийг доорх хоёрхон жишээнээс та бүхэндээ толилуулъя гэж шийдсэн юм. Дашрамд дурдахад, нийтлэлийн дараа гарах үр дагавраас шалтгаалан мэдээлэл өгсөн хүмүүсийн нэрийг нууцлан бичсэн бөлгөө.
Түүх №1. Багш эмэгтэйг нөхөр нь байрнуудаа миний нэр дээр шилжүүл гэж дарамталдаг байжээ
Энэ хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард Говьсүмбэр аймагт гарсан ч орон нутгийн хэрэг тэрүүхэн тэндээ шуугиад өнгөрдөг жишгээр хүмүүсийн анхааралд төдийлөн өртөж чадалгүйгээр дарагдсаныг эргэн сануулах, хэрэг чухам юунаас болж гарсан, хэрхэн шийдэгдсэн тухай мэдээлэл өнөө хэр бүрхэг хэвээр үлдсэн билээ. Аймгийн дунд сургуульд насаараа гадаад хэлний багшаар ажилласан эмэгтэй бусдын жишгээр залуу зандан цагтаа хоёр хүүгийнхээ аавтай хайр сэтгэлээрээ холбогдон амьдарч байсан ч боловсрол муутай, амиа хичээсэн зантай нөхөр нь танхайн хэргээр эхний удаа шоронд ороход “Эр нэг алдаж эрэг нэг нураа биз” гэж бодсоноо ойр дотныхондоо ярин нөхрөө эргэж тойрч хайр халамжаар дутаалгүй байсаар он жилүүдийг үдэж хүүхдүүдээ хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэн аж. Хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэдэгчлэн шоронгоос гарч ирсэн нөхөр нь хэд хоногтоо гайгүй байснаа сүүлдээ үе үе эхнэртээ гар хүрдэг болж түмний хүүхдийн өмнө гарч хичээл заадаг багш байсхийгээд л ажлаас чөлөө авах шаардлага гарч байсан гэдэг.
Түүнийг чөлөө авах тоолонд аймгийн боловсролын хэлтсийн экс дарга болон хамт ажилладаг багш нар нь ажил төрлийг нь аргалж “Энэ хүнээс эрүү толгой бүтэн дээрээ сал” гэж олон удаа хэлдэг байсан ч хүүхдүүдээ бодох юм гэх хариултаас өөр юм хэлдэггүй байж. Ийнхүү эхний удаа шоронгоос судлагдаж ирснийхээ дараа Өвөрхангай руу алт ухна гэж яваад тэндээ хамтран ажиллаж байсан нөхрөө хутгалан дахиад л шорон руу илгээгдсэн байна. Энэ удаад талийгаач багш эмэгтэй түүнийг нэг ч удаа эргэж очоогүй бөгөөд харин сард нэг удаа доод тал нь 100, дээд тал нь 500.000 төгрөгийг тогтмол явуулж байсан аж. Нөхрийнхөө хатуу зан араншин, мөнгө явуулахгүй бол ална хэмээн заналхийлдэг байдлыг талийгаач багш бүсгүй ах, дүү нараасаа нууцалдаг байсан бөгөөд хамгийн сүүлд шоронгоос гарч ирснийх нь дараа “Манайхан ургийн баяр хийх гээд Говь-Алтай явна.
Нэг сая төгрөг өг гэж дарамтлаад байна гэж ах, дүү нараасаа мөнгө цуглуулан олж өгсөн байдаг. Мөн хотод байрны квотод орсныг нь бас аймагт хүүхдүүдийнх нь нэр дээр байдаг байрыг мэддэг тэрээр “-Чи их баян хүүхэн гэл үү. Бүх байраа миний нэр дээр шилжүүл гэж байнга дарамталж хэлэх хэлэхгүй үгээр заналхийлдэг байсан тухайгаа найздаа дурссан байна. Нэгэнт л энэ хүнээс салж чадахгүй юм байна гэсэн бодолтой болсон багш бүсгүй нөхрөө шоронгоос ирсний дараа гэр хороололд амьдрахаар байшин барьж дуусаж байсан бөгөөд намрын сэрүү орох дөхчихөөд байхад байшингаа дуусгахын оронд архи ууж хамаг цагаа үрлээ гэж хэлсний төлөө насаараа ханилсан ханиа барилгын багаж зэвсгээр нүд, шүд, яс үс гээд нэг ч эд эрхтэнг нь бүтэн үлдээлгүй зодож хөнөөсөн тухай хавтаст хэрэгт нь тэмдэглэгдэн үлджээ.
Ж.Г гэгч балмад нөхөр ханиа хөнөөх үедээ эрүүл байсан төдийгүй гэртээ ирж хувцас хунараа сольчихоод дүү болон ээждээ хийсэн хэргээ хэлэн архидаж явахад нь барьсан байна. Хүний санаанд багтамгүй гутамшигтай, аймшигтай хэрэг хийсэн тэрээр үхэхдээ ч мөрөөрөө үхэхгүй урьдчилан хориход хоригдож байхдаа амиа хорлосноор зургаан хүнийг ажилгүй болгосон байдаг.
Түүх№2. Хүүхдүүд нь хэзээ нэгэн цагт аав нь ээжийг нь алсан алуурчин гэдгийг мэдвэл ач нар маань яах бол доо
Өнгөрсөн оны хамгийн том гэмт хэргийн тоонд СХД-ийн иргэн Л.Н хоёр хүүхдийнхээ ээж болон хадмын талынхнаа гэртэй нь хамт шатаасан хэрэг гарсан нь нийгэмд ихээхэн айдас төрүүлсэн. Хэнтий аймгийн гаралтай тэрээр жирийн л нэгэн айлын гэр бүлд аав ээж, ах дүү нарын хамт элэг бүтэн өссөн нэгэн бөгөөд өөрөө нэлээн гарын дүйтэй болохоор юухан хээхэн хийж амь амьжиргаагаа залгуулан эхнэр хүүхдүүдтэйгээ амьдарч байж.
Хэрэг хийх үед хоёр хүүхдээ 24-ийн цэцэрлэгт өгөн эхнэр нь Баянбүрдийн ойролцоох нэгэн зочид буудалд хүлээн авагч хийн өөрөө жижиг сажиг зүйл урлан гадуур заран бусад залуу гэр бүлийн адилаар амьдрахын төлөө зүтгэж байж. Харамсалтай нь ханилаад зургаан жил гаруй хугацаа болоход гэрээ аваад айл айлын хашаа хөлслөх, бусдын эхнэрүүд шиг гоё ганган хувцаслаж чадахгүй байсан нь энэ айлын хэрүүлийн гол сэдэв болдог байсан тухай хожим Л.Н ахдаа хэлсэн байдаг. Голомт залгах айлын ганц хүү гэдэг утгаар нь аав, ээж нь хүүгээ эрх танхи өсгөсөн нь дур зоргоороо болох эхлэлийг тавьсан байж болох талтай хэмээн ах нь дурссан.
Ядуу зүдүү байдлын улмаас нөхрөө хэлэх хэлэхгүй үгээр дайрч улмаар тэр байдал нь сүүлдээ зодоон цохионд хүрснээр төгсгөл болдог байсан ба энэ байдал ч нэлээн хэдэн удаа давтагдаж хөөрхий бүсгүй төрхөмдөө очоод байсан аж. Энэ байдал нь цочмог ууртай Л.Н-ын тэвчээрийг барсан ба “Уг нь би алья, шатаая гэж бодоогүй. Даанч намайг хэлэх хэлэхгүй үгээр дайран нэг мөсөн салъя” гэхээр нь нэг л мэдэхэд уурандаа тийм зүйл хийсэн байсан гэж байцаалтад өчсөн нь хавтаст хэрэгт үлджээ. Эдүгээ чанга дэглэмтэй хорих ангид 25 жилийн ял авсан Л.Н-ын хүүхдүүд өөрийнх нь аав, ээж дээр байдаг бөгөөд “Өсөж томроод аав нь ээжийг нь алсан гэхийг мэдэх юм бол ач нарт маань хэцүү л байх даа” хэмээн ээж нь ойр дотныхондоо дурсаж суудаг аж.
Хүнийг хүн болгож төлөвшүүлэх цогц арга хэмжээг боловсруулах хэрэгтэй
Судалгаагаар гэр бүлийн хүрээнд гарч буй гэмт хэргийн тоо жил ирэх бүр өсөн нэмэгдэж тэр тухай дээр, доргүй дуугарч эхэлсэн нь гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хариуцлагыг өндөрсгөх зайлшгүй шаардлагатай болсныг илтгэж байна. Үнэхээр ч амьдрал дээр гэр бүлийн хүрээнд хэн нэгэн нь нэгийгээ хөнөөчихөөгүй л бол зөрчлийг барагдуулах хууль эрх зүйн хүрээндээ ч тэр хуулийнханд ч хүсэл зорилго байдаггүй. Учир нь гэр бүлийн хүрээнд гарч байгаа хүчирхийлэл буюу эрүүл, согтуу аль ч үед эхнэрээ, хүүхдээ, ээж, аавыгаа зодсон тохиолдолд цагдаа дуудан таслан сэргийлэх арга хэмжээ авдаг ч энэ нь төдийлөн үр дүнд хүрдэггүй нь цагдаагийн байгууллагын судалгаагаар тогтоогджээ. Учир нь гэр бүлээ хүчирхийлэгчийг цаашлан таслан хорих, үгүй бол захиргааны арга хэмжээ авах, торгох гэхээр ар гэрийнхэнд нь энэ байдал хүнд тусдаг учир аргагүйн эрхэнд цаашид энэ байдлыг давтахгүй шүү гээд гаргадаг аж.
Гэтэл өөрийг нь эрүүлжүүлэх, түр саатуулах байранд хориулсан ар гэрийнхэндээ хорссон эр гарч ирээд заналхийлэх, амь насыг нь бүрэлгэх байдал улам гаардаг бөгөөд энэ нь ямар ч үр дүнгүй арга гэдгийг хууль сахиулах байгууллагынхан өөрсдөө ч хэлдэг байна. Тиймээс энэхүү хууль эрх зүйн байдлыг өөрчлөх, гэр бүлийн харилцаанд гарсан зөрчлийг шийддэг төрөлжсөн байцаагч, сэтгэл зүйчид ажиллуулах зэргээр эрс өөрчлөлт хийхгүй бол энэ байдал одоо ч цаашид ч гарсаар байх болно гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
Өөрөөр хэлбэл, хүнийг хүн болгож төлөвшүүлэх цогц арга хэмжээ буюу цэцэрлэг, сургуулийн тоог нэмж эцэг, эхийг ажилтай болгох, бүх шатны сургалтад гэр бүл, ёс суртахууны хичээлийн программыг нэмэх, сэтгэл зүйчдийн баг ажиллуулах, хууль сахиулах байгууллагын анхан шатанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шатны хэлтсүүд бий болгох, шинээр гэр бүл бологсдод гэр бүлийн үүрэг, хариуцлага, төлөвшил суулгах богино хэмжээний сургалтуудыг зохион байгуулж гэр бүлийн батлахыг олгох, тогтвор суурьшилтай үлгэр жишээ гэр бүлийн судалгааг хороодоос гарган урт хугацааны зээлд хамруулах арга хэмжээнүүдийг авах цаг болжээ.
Б.Төвшинболор /Оlloo.mn/
Ёс суртахуун бол хуулиас илүү хүчтэй | ||
Үзсэн: 7715 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.