Шууд Chart

Монголын эмэгтэй баг Гүржтэй, эрэгтэй баг Болгарын багтай тоглоно

2024-09-16 12:49:32

Унгар улсын нийслэл Будапешт хотод хоёр жил тутамд болдог Дэлхийн шатрын Олимпиад есдүгээр сарын 10-23-ны өдрүүдэд болж байна.
45 дахь удаагийн тэмцээнийн эрэгтэйчүүдийн ангилалд 196, эмэгтэйчүүдэд 181 орны баг өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Төрмөнх, Д.Янжиндулам нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн багт IM Г.Амартүвшин, FM С.Чингүүн, FM Э.Баасансүрэн, IM Э.Амилал, FM Х.Итгэлт нар тоглож буй бол эмэгтэйчүүдийн багт WGM Т.Мөнхзул, IM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Д.Номин-Эрдэнэ, WFM Э.Хүслэн, WCM Б.Мөнгөнзул нар өрсөлдөж байгаа юм.
Монгол Улсын эмэгтэй баг таван тоглолтод тав хожсоноор 181 орноос тоглолтын чанараар гуравдугаар байрт жагсаж байна. Тэд өнөөдөр буюу зургаа дахь өрөгт Гүржийн багтай өрсөлдөх бол Монголын эрэгтэй баг таван тоглолтоос хоёр хожиж, хоёр тэнцэж, нэг хожигдолтойгоор 196 орноос 53 байрт эрэмбэлэгдэж байгаа ба тэд өнөөдөр Болгарын багтай тоглоно.
Манай Улсын шатарчид 2022 онд болсон 44 дүгээр олимпиадад 162 орноос багаараа 15 дугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт болсон. Харин Монголын тамирчдаас тус тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт гэвэл, 1960 онд Л.Мягмарсүрэн IV ширээнд алт, 1964 онд Т.Үйтүмэн II ширээнд алт, 2022 онд Б.Мөнгөнзул IV ширээнд алтан медаль хүртэж байв. Энэ тэмцээнд Монголын эрэгтэй шатарчид 1956 онд анхлан оролцож байсан бол эмэгтэй шатарчид 1963 онд анхлан оролцсон түүхтэй гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 
 

Монголын эмэгтэй баг Гүржтэй, эрэгтэй баг Болгарын багтай тоглоно  
Үзсэн: 973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй