Шууд Chart

Ирэх сард агаарын температур ихэнх нутгаар тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх төлөвтэй байна

2024-11-27 12:09:26

Цаг уурын байгууллагын гаргасан ирэх арванхоёрдугаар сарын ерөнхий төлөвөөр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим  байна.

Харин хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Энэ сард агаарын температур ихэнх нутгаар тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх төлөв ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар  агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Баян-Өлгийн зүүн хойд хэсэг болон Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд, Завханы баруун, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд агаарын температур олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар хоногийн сүүл үеэр олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилдийн дунджаас 1-3°С хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-2°С дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн зарим үеүдэд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас хүйтэн, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед олон жилийн дунджаас дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үед цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.  Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед ОЖД–аас дулаан, харин нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1-2°С хүйтэн байна.

Эх сурвалж: ОБЕГ


Ирэх сард агаарын температур ихэнх нутгаар тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх төлөвтэй байна  
Үзсэн: 1450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй