Шууд Chart

Монгол Улс, Европын Холбоо хоорондын ээлжит худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан болов

2025-04-10 07:06:47

Монгол Улс, Европын Холбоо (ЕХ)-ны Хамтарсан комиссын дэргэдэх Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдааныг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр цахимаар зохион байгуулав.

Дэд хорооны хуралдааныг монголын талаас ГХЯ-ны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын захирал Г.Өлзийсайхан, ЕХ-ны талаас Европын Комиссын Худалдааны асуудал хариуцсан Ерөнхий газрын Дорно дахины бүс нутгийг хариуцсан албаны дэд дарга Марко Чирулло нар даргаллаа. Хуралдаанаар талууд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, худалдааны бодлого, хөрөнгө оруулалтын орчин, эрчим хүч, чухал түүхий эд, материалын талаар харилцан мэдээлэл солилцов.

Хуралдааны үеэр ЕХ-ноос хөрөнгө оруулалттай холбоотой шинэ санаачилга болох Тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих хэлэлцээрийн талаар танилцуулж, Дэлхийд гарах гарц стратегийн явцын талаар мэдээлэл өгөв.

Монголын талаас хөрөнгө оруулалтын орчин, гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид ЕХ-той хөдөө аж ахуй, эрчим хүч, чухал түүхий эд, материалын салбарт хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр тохирсон бөгөөд талууд Хөнгөлөлтийн ерөнхий схем (GSP+)-ийн ашиглалтыг нэмэгдүүлэх, Газарзүйн заалтын тухай хэлэлцээрийн явцыг урагшлуулахаар тохирлоо.

Талууд Монгол-ЕХ хоорондын анхдугаар Бизнес форумыг энэ оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохирч, бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.


Монгол Улс, Европын Холбоо хоорондын ээлжит худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан болов  
Үзсэн: 304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй