Шууд Chart

Нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн боллоо

2025-05-03 11:03:15

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр боллоо. Нийт шүүгчийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг албан ёсоор тайлбарлах тухай Нийт шүүгчийн хуралдааны тогтоолын төслүүдийг тус тус дэмжлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг боловсронгуй болгох саналыг хууль санаачлагчид уламжлах тухай асуудлыг хэлэлцэн зарим саналыг дэмжиж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.3-т заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийг боловсронгуй болгох саналыг хууль санаачлагчид уламжлах тухай асуудлыг хойшлуулав.

Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс ирүүлсэн 2/199 дүгээр албан бичиг;

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаас ирүүлсэн “Худалдан авах ажиллагааны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл”;

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараас ирүүлсэн “Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”, мөн “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”;

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, “Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл)”;

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжинээс ирүүлсэн “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”;

Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэгээс ирүүлсэн “Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль”-ийн (үзэл баримтлалын хувьд) зэрэг төслийг хэлэлцэж, тус тус санал өгөхөөр тогтлоо.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, Шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга), Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл”-д санал өгөхийг хойшлууллаа.

Үүнээс гадна, Иргэний зориг ногоон намын даргыг бүртгүүлэх тухай өргөдөл, иргэн Б.Батдэлгэрээс ирүүлсэн хэргийн харьяалал тогтоолгох тухай хүсэлтийг хэлэлцээд татгалзаж шийдвэрлэв.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр дараах асуудлыг хэлэлцлээ.

Зөвлөгөөнөөр нийт шүүгчийн II чуулганы 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаартай “Санал уламжлах тухай” тогтоолын хэрэгжилттэй танилцав.

Мөн Л.Ариунбаяр, Л.Ариунаа нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн гаргасан шүүгчдээс татгалзсан хүсэлтийг хэлэлцэн Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар тогтоолд нийцүүлэн шийдвэрлэж, Шүүх бүрэлдэхүүн, хуралдаан даргалагчийг томилох цахим систем ашиглах журмын төслийг хэлэлцэх асуудлыг хойшлууллаа.


Нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн боллоо  
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй