
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 7-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл 2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдсан. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд дарга Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд өнөөдөр танилцуулж, танилцуулгатай холбогдуулан:
-Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт, менежментийг сайжруулж, хөрөнгийг арвижуулах саналаа бэлтгэж дараагийн хуралдаанаар шийдвэрлүүлэх,
-Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаарх цогц бодлогыг тодорхойлох, бүс, орон нутгийн онцлогт тохирсон дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан барьж, байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх,
-Хүүхэд өөрсдөө оролцдог оролцооны байгууллагуудын зөв оролцоо, хамтын ажиллагааны механизмыг зөв тодорхойлж, хамтран ажиллах,
-Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, түүнийг таслан зогсоох, авч хэрэгжүүлэх саналыг дараагийн хуралдаанд танилцуулах,
-Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, танилцуулах,
-Хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн орон нутгийн байгууллагуудыг автомашинаар хангах ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2025, 2026 онд бүрэн шийдвэрлэх,
-Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эрүүл мэндэд нь анхаарах, жирэмсний хяналт, цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарах, одоо хэрэгжүүлж буй ажлаа эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
ЗГ: Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа | ||
Үзсэн: 336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.