
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банержи, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли нарыг хүлээн авч уулзав.
Ц.Баатархүү сайд Монгол Улсын хөгжлийг эрчимтэй урагшлуулахад дэд бүтцийн хөгжил чухлыг онцлоод, Дэлхийн банк Монгол Улсын харилцаа холбооны орчин үеийн дэд бүтцийг бий болгоход дэмжиж ажилласанд талархал илэрхийлэв. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх төслийг Дэлхийн банкны дэмжлэгээр 2007 оноос хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан байгуулах, сумдад үүрэн холбооны үйлчилгээ нэвтрүүлэх, 152 багт малчдын нийтийн холбооны үйлчилгээний цэг байгуулах, интернэтийн үйлчилгээг орон нутагт хүргэх шилэн кабель тавих зэрэг ажлыг хийсэн юм.
Мөн тэрбээр уулзалтын үеэр Монгол Улс хиймэл дагуултай болох, технологийн дэвшлийг нутагшуулах, дижитал шилжилт хийх зэрэг цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын томоохон асуудлуудад Дэлхийн банкны чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүдийн туслалцаа хэрэгтэй байгаа талаар дурдаад, дижитал шилжилтийн гурван тулгуур бодлогын нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй дижитал дэд бүтэц бий болгох чиглэлд хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Хатагтай Судешна Гош Банержи “Монгол Улсын эрчим хүч, тээврийн салбарт Дэлхийн банк дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Тиймээс Монгол Улсын цахим хөгжлийн асуудлыг хэрхэн яаж зөв оновчтой томъёолж Дэлхийн банкаар дэмжүүлэх талаар ярилцъя. Харилцаа холбооны салбарын асуудлыг эрчим хүчний шинэчлэлтэй уялдуулж, дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэх боломжтой. Эрчим хүчний шинэчлэлийн төслийн техникийн судалгааны ажлууд эхэлсэн. Тэнд хийгдэх яриа уулзалтуудад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас хүмүүс оролцуулаад явъя” гэв.
Ц.Баатархүү сайд “Монгол Улсын Засгийн газар дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэх нь эдийн засгийн хувьд ч, цаг хугацааны хувьд ч үр ашигтай гэж үзэж буй. Энэ таны хэлсэнтэй Засгийн газрын байр суурь таарч байна” гэлээ. Судешна Гош Банержи уулзалтын үеэр Монгол Улсын дижитал шилжилтийн 3 тулгуур бодлогын талаар сонирхон асууж байв. 2040 хүртэл хэрэгжүүлэх дижитал шилжилтийн 3 тулгуур бодлогын 1-рт, дижитал дэд бүтэц бий болгох, 2-рт, төрийн үйлчилгээг иргэн бүрт тэгш, хүртээмжтэй хүргэх, 3-рт, дижитал эдийн засаг хөгжүүлэх, энэ хүрээнд олон улсын дата төв байгуулах гэх мэт зорилго бий талаар сайд танилцуулсан. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли энэ үеэр Монгол Улсад хэрэгжээд дуусах шатандаа орсон “Ухаалаг засаг - 2” төслийг амжилттай дуусгах, дараагийн хэрэгжүүлэх төсөл юу байх талаар ярьж эхлэх хэрэгтэйг дурдлаа.
Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банержи эрчим хүчний дэд бүтэцтэй хамт цахим дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой гэж харж буйгаа илэрхийлсэн бөгөөд эрчим хүчний төслийн бэлтгэл дээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэргэжилтнүүд томилж ажиллуулан, ажлаа эхнээс нь уяж явах, дижитал шилжилтийн хүрээнд 2040 он хүртэл хийх ажлуудын замын зураглал гаргах, дараагийн томоохон төсөл хэрэгжүүлэх талаар ярилцах гэсэн 3 асуудалд санал нэгдсэнээр уулзалт өндөрлөв.
Судешна Гош Банержи нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн 10 гаруй оронд хэрэгжиж буй 10 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрт хяналт тавьдаг, Дэлхийн банкны эрчим хүч, тээврийн хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлдэг гол хүн юм.
Дижитал дэд бүтцийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллана | ||
Үзсэн: 210 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.