
Монгол Улс, Унгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг тавдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Унгар Улсын Будапешт хотноо 1950 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хоёр улс дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1957 онд БНМАУ Будапешт хотод, БНУАУ Улаанбаатарт хотод Элчин сайдын яамдаа тус тус нээн ажиллуулж эхэлсэн түүхтэй.
“Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулснаар хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх үр дүнтэй төдийгүй, үндэсний соёлын үнэт зүйлсийг сурталчлах, аялал жуулчлалаас олох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Энэ өдрүүдэд мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Унгар Улсын нийслэл Будапешт хотын дарга Гергей Корачонтой албан ёсны уулзалт хий тус хотын усны барилга байгууламжийн чадварлаг инженер, техникүүдийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар боллоо. Мөн Будапешт хотын нийтийн тээврийн менежмент, тэр дундаа метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцах, хамтарч ажиллахаар тохиролцсон юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ээр “Go Mongolia” үндэсний аялал жуулчлалын брэндийг сурталчлах, морьт харваа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урчуудын үзэсгэлэн худалдаа, хоолны өдөрлөг, “Монгол Унгарын түүхийн жимээр” гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, хүндэтгэлийн нэгдсэн урлагийн тоглолтыг Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж байна.
“Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатарын соёлын өдрүүд” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, ноёд, хатагтай та бүхний энэ өдрийн амар амгалан айлтган мэндчилж байна. Энэхүү Улаанбаатарын соёлын өдрүүдээр Монгол, Унгар хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн сацуу үндэсний соёлын үнэт зүйлсээ сурталчлах, хоёр орны сайн туршлагаас суралцаж, эдийн засгийн салбарын үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдлыг өгнө гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатарын соёлын өдрүүд арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэмсэг ноёд, хатагтай, зочид, төлөөлөгчид та бүхнийг тухлан сууж, таалан зочлохыг урьж байна” гэв.
Будапешт хотын Засаг дарга Гергей Карчоний “Будапешт хот ”Улаанбаатарын соёлын өдрүүд” арга хэмжээг Маргарет арал дээр баяртайгаар хүлээн авч, хамтран зохион байгуулж байгааг онцлон хэлмээр байна. Энэхүү арга хэмжээ нь монголын соёл урлаг, уламжлалыг Унгарын ард түмэнд улам ойртуулан өгч байгаад баяртай байна. Би анх удаа монгол хөөмийг сонсоод түүний өвөрмөц агаад гайхамшигт эгшгийг биширсэн. Өнөөдрийн арга хэмжээнээс шинэ содон сэтгэгдэл түрүүлэх өшөө олон монгол ая дуутай танилцахыг тэсэн ядан хүлээж байна. Өнөөдрийн хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын шилдэг уран бүтээлчид хүрэлцэн ирж Та бидэнд Монголын тал нутгийн уур амьсгалыг авчирна гэдэгт итгэлтэй байна. Мөн Та бидний сайн мэдэх дэлхийн уран бүтээлүүдийг ч толилуулах болно. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад хувь нэмрээ оруулж Монголын өв соёлоо бидэнд танилцуулж буй Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатарын Засаг даргын Тамгын газар, зохион байгуулагчид, уран бүтээлчдэдээ гүн талархал илэрхийлье” гэлээ.
Маргарет арлын Театрын захирал, урлагийн удирдаач Теодора Бан “Газар зүйн хувьд хол оршдог хэдий ч хоёр орны ард түмэн бие биедээ үргэлж гүнээ хүндэтгэлтэй, нээлттэй харилцаатай байсаар ирсэн. Улаанбаатар хотод баригдсан анхны театрын барилгад нэрт унгар архитекторууд оролцсон байдаг. Манай үндэсний их яруу найрагч Петофи Шандорын шүлгүүдийг монгол хэлнээ орчуулан сургуулийн сурагчид уншиж байжээ. Монголд ажиллаж байсан олон унгар мэргэжилтнүүдийн нэг болох археологич Габор Миклош өөрийн аяллын сэтгэгдэл, дурсамжаа нийтэд зориулан бичиж үлдээсэн байдаг. Өнөөдрийн энэхүү томоохон Гала тоглолт маань эдгээр чухал ойн баярыг тэмдэглэх зорилготой юм. Хоёр өдрийн турш үргэлжлэх Улаанбаатарын Соёлын Өдрүүд арга хэмжээг Маргарет арлын Театрт зохион байгуулах боломж олдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Монголын ард түмэн, соёл энэ тайзан дээр дотно нөхөрсөг уур амьсгал төрүүлж, Гала тоглолтод оролцож буй авьяаслаг уран бүтээлчдийн тоглолтоор олон унгар хүний сэтгэлийг догдлуулна гэдэгт итгэж байна” гэж хэлээд тоглолтыг эхлүүллээ.
Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна | ||
Үзсэн: 281 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.